
Дэлхийн банк 2026-2027 оны улс орнуудын орлогын ангиллыг шинэчлэн танилцууллаа. Энэ жил Вьетнам, Филиппин, Шри Ланка, Микронез, Йордан дундаас дээш орлоготой улсад багтаж, үзүүлэлтээ ахиулсан бол Того бага орлоготойгоос дундаас доош руу дэвшсэн байна. Түүнчлэн ангилал буурсан ямар ч улс байхгүй гэнэ. Эдгээр зургаан орны ДНБ, экспортын хэмжээ жил дараалан өсөж, үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү, аялал жуулчлал, барилга, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үзүүлэлт сэргэсэн нь голчлон нөлөөлсөн аж. Дэлхийн банк улсуудын орлогын ангиллыг тооцохдоо тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ашигладаг ч хөгжлийн бүх шатыг нь бүрэн илэрхийлэхгүйг дурдсан юм. Анх 1987 онд уг тайланд 163 улсыг хамруулсан бол өдгөө энэ тоо 218 болжээ.
Тухайн үед нийт эдийн засгийн 30 хувь нь бага орлоготой ангилалд багтаж байсан ч өнөө эл үзүүлэлт 11 хувь хүртэл буурсан байна. Жил бүрийн долоодугаар сард Дэлхийн банкны Хөгжлийн мэдээллийн групп өмнөх оны нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын тооцоонд үндэслэн уг судалгааг шинэчилдэг. Энэ нь бага, дундаас доогуур, дээгүүр, өндөр орлоготой гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй аж. Тус ангилал нь аль улс хөнгөлөлттэй зээл, хөгжлийн тусламж авах боломжтойг тодорхойлохоос гадна Засгийн газар, судлаач, олон улсын байгууллагуудад эдийн засгийн хөгжлийн харьцуулах, хянах суурь үзүүлэлт болдог. Ташрамд, уг ангиллын дагуу манай улс дундаас дээш орлоготой орны тоонд багтаж буй.
Д.ХЭРЛЭН