Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны удирдлагууд АНУ-ын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Боинг” компанийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Манай улс агаарын тээврийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, Ази, Европыг холбосон газар зүйн давуу байршилдаа тулгуурлан бүс нутгийн зангилаа төв болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.
Үүнд том оврын агаарын хөлгийн хангамж, худалдан авах боломж, эргэн төлөлтийн уян хатан бодлого чухал нөлөөтэйг ЗТЯ-ныхан онцлоод, тус компанийн дараагийн загваруудаас олон улс, бүс нутгийн нислэгт хамгийн сайн тохирохыг нь сонгох, ингэхдээ үйл ажиллагааны зардал бууруулах, байгаль орчинд ээлтэй үзүүлэлттэй байх шаардлагын дагуу шатахуун бага зарцуулдаг, техникийн өндөр үзүүлэлттэй онгоц авах сонирхолтой буйгаа уламжиллаа.
Харин “Боинг” компанийн төлөөлөл агаарын хөлгийн зах зээлийн үнэ тогтоох, төлбөрийн уян хатан нөхцөлөөр нийлүүлэх чиглэлд харилцан ашигтай шийдвэрүүд гаргаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Ташрамд дурдахад, МИАТ ТӨХК 1992 оноос “Боинг”-ийн агаарын хөлгийг ашиглаж эхэлсэн бөгөөд өдгөө тус компанийн үйлдвэрлэсэн хэд хэдэн төрлийн онгоцоор тогтмол болон шууд нислэг үйлдэж байна.
Н.ДҮҮЛ