
Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах, ямар дүрэмт хувцас өмсгөх вэ гэх эрэлд гараад буй. Тэгвэл сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло буюу захтай футболкийг багтаажээ . Тодруулбал, Стандарт, хэмжил зүйн газрынхан MNS6814:2019 буюу Сурагчийн дүрэмт хувцасны техникийн шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулсан аж . Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр стандартад заасан байна. Ингэснээр 1-12 дугаар ангийн сурагчид уламжлалт дүрэмт хувцаснаас гадна захтай футболк өмсөх сонголттой болов. Хувийн хэвшлийн болон улсын зарим сургууль дотооддоо зохион байгуулж, сурагчид нь поло цамцаар жигдэрдэг. Харин стандарт баталснаар албан ёсоор дүрэмт хувцасны иж бүрдэлд багтсан нь энэ.
Ташрамд, сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц оруулах саналыг Боловсролын яамнаас 2024 оны наймдугаар сард гаргаж, ажлын хэсэг байгуулж байв. Улмаар 2025 оны наймдугаар сард стандартыг шинэчилж, поло цамцыг иж бүрдэлд нэмэх саналыг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ. Тухайн газраас поло цамцны материал, түүний физик, хими, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагынхантай хамтарч нарийвчлан судалж, тогтоосны үндсэнд ийн баталсан аж. Мөн ажлын хэсгийнхэн эцэг, эхчүүдээс түүврийн аргаар судалгаа авахад 80-иас дээш хувь нь эл цамцыг дэмжиж, хүүхдийн биед илүү эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй, өдөр тутмын сургалтын орчинд тохирсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн гэнэ.