Тайландын Нонтабури мужийн нэгэн сургуульд өнгөрсөн баасан гарагт буудалцаан болж, есөн хүн амиа алджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэргийн сэжигтэн 14 настай хүү эхлээд эмээ, өвөөгийнхөө амийг хөнөөсний дараа “Дебсирин нонтабури ” сургуульд очиж, хүмүүс рүү гал нээгээд улмаар өөрийгөө буудсан аж. Халдлагын улмаас 30 гаруй хүн шархадсанаас бямба гарагийн оройны байдлаар 14 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас долоогийнх нь бие хүнд байна. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрчүүдээс мэдүүлэг авч, сэжигтний эцэг, эхийг байцааж эхэлжээ. Урьдчилсан мэдээллээр 14 настай хүү өвөөгийнхөө эзэмшлийн буугаар нийт 26 удаа гал нээсэн бөгөөд хэргийн газраас дахин 34 ширхэг сум олджээ.
Халдлага гарсан даруйд тус сургуульд богино хугацаанд хөл хорио тогтоож, сурагчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул хэрэг явдлын дараа галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаа мэдэгдсэн бөгөөд зөвхөн үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад л буу биедээ авч явахыг зөвшөөрөх санал гаргажээ. Тайланд нь Зүүн Өмнөд Азидаа энгийн иргэдийн галт зэвсгийн эзэмшлийн хувиар өндөрт тооцогддог. Тус улсад сүүлийн жилүүдэд олон хүний амь хохирсон буудалцаан хэд хэдэн удаа гарснаас 2022 онд зүүн хойд нутагт болсон халдлагын улмаас 37 хүн (үүнээс 22 нь хүүхэд) амиа алдаж байв.
Э.СҮЙЛЭН