
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс худалдан борлуулах хүртэлх бүх шатанд хяналтын тогтолцоо сул байдагтай холбоотой гэнэ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж, зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлсэн ч үүнээс 720 тонныг зах зээлд огт нийлүүлээгүй, 1000 гаруй тонныг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс нөөцийн махны бүртгэлийг цахимжуулахаар шийдвэрлэв.
Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг энэ сард багтаан Сангийн яамнаас бэлэн болгож, Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх дамжлагад цахим төлбөрийн баримт үйлдэн бүртгэлжүүлж, ил тод болгох аж. 2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар нийлүүлэх нөөцийн махны бүрдүүлэлтэд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвыг онцгойлон анхаарч, хяналт тавихыг Ерөнхий сайд үүрэгдэв. Нөөцийн махны мэдээллийг цахим системд бүртгэж, ил тод болгосноор иргэд агуулах, үйлдвэрүүдээс шууд худалдан авах, малчид системээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна шударга өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход чухал ач холбогдолтой гэв.
Н.МИШЭЭЛ