Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, стратегийн онцгой, зайлшгүй хэрэгцээт зарим бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал зэргээс шалтгаалан Засгийн газар Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Энэ оны сүүлч хүртэл хэрэгжүүлэх тус тогтоолын хүрээнд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцсан салбар бүрд урсгал зардлаа 20 хувиар хэмнэх, нөхөн томилгоо хийхгүй, аялал, амралт зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг цуцлах, шинэ албан тушаал бий болгохгүй байх, цахилгаан, дулааны хэрэглээгээ хянах, хурал, сургалтыг зайнаас явуулах, төрийн албан хаагчдыг зарим өдөр цахимаар ажиллуулах зэрэг зохицуулалт хийхийг үүрэг болгов.
Тэрчлэн олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ, урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтныхаас бусад гадаад томилолтыг төсвөөс санхүүжүүлэн зохион байгуулахыг хориглож, зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдаж авахыг хязгаарлалаа. Энэхүү хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй аж. Цэцэрлэг, сургуулийн хүрээнд зохион байгуулах эрт илрүүлэг, дархлаажуулалт, ханиад, томуутай тэмцэх гэх мэт зайлшгүй ажлыг төлөвлөгөөний дагуу тогтсон хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлов. Түүнчлэн төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын болон хууль хүчний салбарын урсгал зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны төлбөр, COP17 олон улсын бага хуралд шаардлагатай санхүүжилт зэргийг хэвийн олгохоор шийдвэрлэв.