Улаанбаатар хотын хэмжээнд сарьсан багваахайнууд Сэлбэ , Дунд, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, бетон гүүр болон барилга, байгууламжийн дээвэрт үүрлээд байгааг нийслэлийн Байгаль орчны газраас сэрэмжлүүллээ. Жил бүрийн 5-9 дүгээр сард Улаанбаатарт идэвхтэй нүүдэллэж, шөнийн цагаар ан хийдэг гэнэ. Тэр шөнийн гэрэлд цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцын орц, айл өрхийн онгорхой цонхоор орж ирэх тохиолдол олширчээ. Сүүлийн зургаан жилд ийм 60 орчим дуудлага бүртгэгдсэн байна. Тиймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цонхондоо хамгаалалтын тор суурилуулж , урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Түүнчлэн сарьсан багваахай орж ирсэн тохиолдолд Байгаль орчны газрын 7272-0303, ажлын бус цагаар Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай дуудлага өгөхийг анхааруулав. Гар далавчтаны багт хамаардаг сарьсан багваахай нь дэлхийд нийт 1300 зүйл байдгаас манай оронд 19 нь бүртгэгджээ. Монгол Улсын улаан номд хязгаарлагдмал тархацтай ховор амьтны ангилалд багтсан бөгөөд суурьшлын бүсэд олшрох болсон нь байгаль дээрх амьдрах орчны доройтол, хуурайшилт, хотжилт, хүнсний хог хаягдлыг ил задгай хаях, ангилан ялгадаггүй зэргээс үүдэлтэйг албаныхан хэлсэн. Ахуйн орчинд хүнтэй зэрэгцэн амьдрах нь төрөл бүрийн халдварт өвчин тараах өндөр эрсдэлтэй аж.