
Нөөц хомсодсонтой холбоотойгоор нийслэл дэх ШТС-ууд 50 мянган төгрөгөөр квот тогтоон шатахуун олгож байсан. Тэгвэл тус хязгаарлалтыг энэ сарын 8-наас эхлэн 100 мянган төгрөг болгож нэмэхээршийдвэрлэснийг шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Мөн тус штабаас хэрэгжүүлж буй зохицуулалтыг мөрдөөгүй ШТС-уудад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах, шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, гаргасан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран хариуцлага тооцох үүрэг чиглэлийг Монополын эсрэг газар төгснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлсэн юм. Манай улс энэ сарын 7-нд 61 вагон буюу 3448 тонн АИ-92 автобензинийг импортоор оруулж ирсэн бол 301 цистерн вагон шатахуун тээвэрлэлтийн шатанд явааг дээрх штабаас танилцуулав. Тухайн өдөр нийслэлд 107 ШТС АИ-92 автобензин олгож байсан бөгөөд тэдгээрт хошууныхаа тоог нэмэгдүүлж, шатахуун шуурхай олгох үүрэг чиглэлийг салбарын яам, холбогдох штабаас хүргүүлжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар яриа, хэлэлцээ хийхээр өнөөдөр хойд хөршид айлчилж, тэндээсээ Казахстан, БНХАУ руу шууд явахаар болсноо нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлэв. Түүнчлэн гадаадын жуулчдыг аялуулж буй аж ахуйн нэгжүүдэд шатахуун чөлөөтэй олгох зохицуулалтыг холбогдох яамд Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж эхэлснийг зарласан юм.
АГУУЛАХ БАРИХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА
Засгийн газрын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барих, өргөтгөх ажлыг эхлүүлээд буй. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт “Сан петролиум” болон “Шунхлай” ХХК-ийн агуулахын талбайд ажиллаж, барилга угсралтын үйл явцтай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт “Сан петролиум” компанийн барьж буй 16 сая литрийн багтаамжтай агуулахын барилга угсралтын ажил 95 хувьтай байна. Үүнийг төлөвлөсөн хугацаанд буюу энэ сарын 20-ны дотор ашиглалтад оруулснаар АИ-92 автобензиний улсын тав, Улаанбаатар хотын 13 хоногийн хэрэглээний нөөцийг нэг дор төвлөрүүлж, хадгалах боломж бүрдэх гэнэ. Тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн саад бэрхшээл учруулахгүй байхаар зохицуулахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болгов. Харин “Шунхлай” ХХК манай улсад хамгийн томд тооцогдох буюу 100 сая литрийн багтаамжтай агуулахыг Сонгинохайрхан дүүр гийн 21 дүгээр хороонд барьж буй аж. Тус бүр нь 14 сая литрийн багтаамжтай долоон ган сав барих ажлын гүйцэтгэл одоогоор 40 хувьтай байгаа бөгөөд ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник, технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулахыг ашиглалтад оруулснаар улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж хадгалах боломжтой болох гэнэ.
Ерөнхий сайд шатахууны агуулах барих ажилтай танилцах үеэрээ “Манай Засгийн газар шатахууны 22 нөөц сав барих ажлыг 33 жилийн дараа эхлүүллээ. Мөн хоёр жилийн хугацаанд зогссон газрын тос боловсруулах үйлдвэрийг гацаанаас гаргалаа. 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн ажил одоо 60 хувьтай үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. Үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна” гэв. Түүнчлэн Улаанбаатар хотоос гадна Өмнөговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Ховд аймагт шатахууны агуулах барих ажил 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг энэ үеэр дурдлаа.
БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИВ
Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын төрийн өмчит Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа “Петрочайна дачин Тамсаг” ХХКийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр БНХАУ энэ сард манай улсад 6000 тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид сар бүр 12-15 мянган тонн шатахууныг тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа. Түүнчлэн энэ сард нийлүүлэх шатахууны үнийг олон улсын зах зээл дээрх ханшаас бууруулах боломжийг судлахыг хүсэв. Тэрчлэн Монгол Улсад үүсээд буй шатахууны тасалдлаас үүдэлтэй хүндрэлийг шийдвэрлэхэд иж бүрэн стратегийн түншлэл бүхий өмнөд хөршийн зүгээс дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын их хурлын дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзах үеэр ярилцсан тул “Петрочайна дачин Тамсаг” ХХК энэ чиглэлд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийллээ.
Н.МИШЭЭЛ