Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Азиас Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, Хонконгийн шигшээ багийн техник, тактик, ур чадвар, авьяасыг харуулах эл тэмцээн нь манай улсын тамирчдын чансааг олон улсын түвшинд бататгах, волейболын спортын шинэ үеийн хөгжлийг залуучуудад таниулах стратегийн чухал ач холбогдолтой юм. Спортын өрсөлдөөн, тэмцэл ихтэй халуухан өдрүүдэд үзэгчдэд тивийн шилдгүүдийн тоглолтыг эх орондоо дэргэдээс үзэх таатай боломж бүрдэв.
“АСА арена”-д энэ сарын 9 хүртэл үргэлжлэх тус тэмцээний тоглолтын салхийг Тайвань, Макаогийн баг хагаллаа. Тайванийн тамирчид өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж, эхний ялалтаа байгуулав. Тэгвэл А хэсгийн эхний өдрийн тоглолтод М.Цэрэнбаатараар ахлуулсан Монголын шигшээ Хонконгийн багийг гурван үе илүүрхэж, онооны харьцааг 3:0 болгон анхны хожлоо авсан юм. Манай тоглогчдоос М.Уранбаяр 15 оноогоор тэргүүллээ. Түүнчлэн B хэсгийн тоглолтод БНСУ-ын баг Японы тоглогчидтой учраа таарсан ч 3:1-ээр буулган авсан. Энэ удаа БНСУ-ын шигшээгээс Шин Хо Жин шилдгээр тодорсон юм. Манай улсын шигшээ баг Хонконгийн тамирчдыг хожсон тоглолтоос +5.39 оноо цуглуулж, дэлхийн чансаанд таван байр ахисан байна. В хэсгийн хоёр дахь өдрийн эхний тоглолтод Японы шигшээ Макаогийн багийг 3:0-ээр ялж, тэмцээнээ үргэлжүүллээ. Манайхан өнөөдөр БНХАУ-ын шигшээтэй тоглоно.
Э.ХАРЦАГА