Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар автобензин, дизель түлшний онцгой албан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэж, бүх төрлийн шатахууны импортын гаалийн татварын хувь хэмжээг ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад цистерн вагоны ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг саадгүй нийлүүлэх боломжоор хангах үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Манай улс энэ сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86 460 тонн АИ-92, 1280 тонн АИ-95 автобензин, 178 650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. Тэрчлэн Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалан нефтийн үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрснийг дурдлаа. Ерөнхий сайд Н.Учрал “Шатахуун түлшний хангамж бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч үүнд нь Монгол Улс багтаагүй. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Одоогоор БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахууныг нийлүүлэхээр тохиролцоод байна” гэв.
Н.ДҮҮЛ