Хятадын хиймэл оюуны томоохон “тоглогч”-дын нэг “DeepSeek” компани ӨМӨЗО-д AI дата төв байгуулахаар төлөвлөж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, Ханжөү хотод төвтэй тус компани Бээжингээс баруун хойд зүгт, ойролцоогоор 350 км-ийн цаана орших Улаанцавд нийт нэг ГВт-ын хүчин чадалтай тооцооллын дэд бүтэц байгуулж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах аж. Үүнээс гадна тус нийслэлд 10 гаруй технологийн бизнесүүд дата төвийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын “OpenAI”, “Anthropic” зэрэг технологийн компани хиймэл оюуны тооцооллын хүчин чадалд хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа энэ үед эл төсөл нь Хятадын тал уг өрсөлдөөнөөс хоцрохгүйг илтгэж буйг шинжээчид онцоллоо. Улаанцав нь сэрүүн уур амьсгалтай тул өндөр хүчин чадалтай AI серверүүдийг хөргөхөд шаардагдах эрчим хүчний зардлыг бууруулах давуу талтай юм.
“Блүүмберг”-ийн мэдээлснээр “DeepSeek” энэ жилдээ багтаан анхдагч зах зээлд IPO гаргаж магадгүй нь. “OpenAI” тэднийг өөрсдийнх нь хиймэл оюуны загварыг хуулбарласан хэмээн буруутгаж буй. “Nvidia”-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуаны тооцоолсноор хамгийн сүүлийн үеийн AI хурдасгуураар тоноглогдсон нэг ГВт-ын хүчин чадалтай төв байгуулахад ойролцоогоор 50 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.
Д.ХЭРЛЭН