Сүүлийн үед манай эрх баригчид аливаа асуудлыг хялбархан “шийдчих” гээд байдаг болж. Замын түгжрэлийг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарладаг шигээ, ханиад, томууг сургууль, цэцэрлэгээ хаагаад “дардаг” шигээ боловсролын чанар доройтсоныг элсэлтийн босго оноог намсгаад нуун далдалчихна гэж бодож буй бололтой. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалтын дүн жил ирэх бүрд гавихаа болингуут их, дээд сургуульд элсэх босго оноог намсгаж байгаа нь үүнийг бэлээхэн батлах шиг. Энэ нөхцөлд төр засаг боловсролын салбарт ямар бодлого барих ёстойгоо ч мэддэггүй. Чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, багшийн хөгжлийг дэмжих, сурагчдын суурь мэдлэгийг дээшлүүлэх тухай ойлголт бол бүр 1001 дэх асуудал юм байна.
Зүгээр л энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, их, дээд сургуулиудын боловсруулсан элсэлтийн босго оноог Засгийн газрын гишүүн хийгээд Боловсролын сайд нь үг дуугүй баталдаг. Нэг ёсондоо их сургуулиуд элсэгчгүй болбол босгоо намсгаад, шаардлагаа сулруулж, шалгуураа багасгаад л болоо. Ингээд л статистик дээр элсэлтээ бүрдүүлчхэж байгаа юм, ийм амархан. Угтаа бол боловсрол нь аливаа улсын эдийн засгийн өсөлт, инновац, бүтээмж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг тодорхойлдог хамгийн чухал хөрөнгө оруулалт билээ. Байгалийн баялаггүй улс орнууд боловсролоороо дэлхийд өрсөлдөж, өндөр хөгжилд хүрсэн жишээ олон. Харин боловсролдоо анхаардаггүй орнууд хөдөлмөрийн бүтээмж багатай, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадваргүй, яг л манайх шиг хөгжлийн хурд нь саарсан байдаг. Тэр ч утгаараа тухайн улсын их, дээд сургуулиуд зөвхөн диплом олгодог байгууллага биш, эх орныхоо ирээдүйн инженер, эмч, багш, хуульч, эдийн засагч, эрдэмтэн, төрийн түшээ, бизнесийн удирдагчдыг бэлтгэдэг үндсэн институт юм. Их сургуулийн хаалгаар ямар түвшний мэдлэг, боловсролтой хүүхэд элсэн орно, тийм л хэмжээний мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарна гэсэн үг. Тиймдээ ч элсэлтийн босго оноо нь тухайн улсын хүний нөөцийн чанарын хамгийн эхний шүүлтүүр болдог аж. Гэтэл Монголд эл шалгуур жилээс жилд багасан, чанарын бус тооны төлөөх өрсөлдөөн болж хувирсан. Энгийнээр хэлбэл, их, дээд сургуулиуд элсэгчгүй болохоос эмээж босго оноогоо бууруулдаг, төр нь түүнийг баталгаажуулдаг, улмаар боловсролын чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй дээшлүүлэх биш, зүгээр л зөнд нь орхисон нь бидний хамгийн том алдаа юм.
ҮНДЭСТНЭЭР НЬ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
Их, дээд сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан элсүүлэх босго оноог өнгөрсөн дөрөвдүгээр сард уламжлал ёсоор шинэчлэн тогтоосон билээ. Сургуулиуд ирэх хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түүнийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тогтоолоороо баталж, жагсаалтыг олон нийтэд танилцуулсан юм. Үүгээр орон нутагт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын босго оноог бакалаврын түвшинд 430аар тогтоосон бол нийслэлийнх 450-500. Энэхүү босго оноо нь тухайн мэргэжлийн төрөл, төр, хувийн хэвшлийн сургуулиас хамаарч 10-50 оноогоор дээш, доош хэлбэлзэж буй. Уг тушаалын дагуу их, дээд сургуулиуд өдгөө элсэлтээ зохион байгуулж байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэх босго оноог Боловсролын сайдын А/228 тоот тушаалаар тогтоосон бөгөөд төрийн өмчийн их сургуулиудын босго оноо мөн л 450-500, орон нутгийнх 400-гаас дээш байсан юм. Эдгээр нь үндэсний хэмжээнд тогтоосон хамгийн бага үзүүлэлт бөгөөд ийм оноотой хүүхэд их сургуулийн хуваарь авах эрхтэй болсон гэсэн үг. Сургуулиуд элсэлтийн босго онооноос гадна тухайн мэргэжлээр ур чадварын шалгалт давхар авдаг. Олонх нь эл оноогоо өнөө жил ч 450-500-гаар тогтоожээ. Жишээ нь, ойн болон мал аж ахуй, анагаах ухаан, мал эмнэлэг, агаарын тээврийн үйлчилгээ, батлан хамгаалах, цагдаа, шүүх, мөрдөх алба, онцгой байдал, хил, дотоодын цэрэг, шалган нэвтрүүлэх зэрэг хөтөлбөрийн ур чадварын босго оноо хамгийн их буюу 490-500 байгаа бол бусад нь түүнээс бага гээд бод. Элсэлтийн босго оноо ийн намссаар байгаа нь өнгөц харахад хүүхдүүдэд уян хатан хандаж буй мэт харагдавч үнэн хэрэгтээ үндэстнээр нь хорлон сүйтгэх ажиллагаа юм шүү дээ.
Ерөнхий боловсролын сургалтын чанар доройтож, өндөр оноотой төгсөгчдийн тоо цөөрлөө гээд ийм арга ядсан байдлаар асуудлыг нуун далдалж болохгүй. 450 авсан нь ч тэр, 700, 800 оноотой нь ч ялгаагүй МУИС, ШУТИС, АШУҮИС-д яг ижилхэн элсдэг байж болох уу. Их сургуулиуд шаардлагаа ийн сулруулаад байхаар ахлах ангийн сурагчдын суралцах урам зориг, өрсөлдөх чадвар нь ч дагаад буурч буйг багш нар хэлсэн. Цаашлаад энэ нь хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг сулруулах эрсдэлтэй, урт хугацаандаа бодлогын том алдаа болдог жамтай. “Яаж ийгээд 430-450 оноо авчихвал их сургуульд элсчихнэ” гэсэн олонхын ойлголт, хүлээлт нь боловсролын чанарыг улам ихээр дордуулдаг аж. Элсэлтийн шалгалтын авбал зохих нийт 800 оноог 100 хувь гэж үзвэл 430-450 нь ердөө 53-56 хувь юм. Энэ нь үнэлгээний хуучин системээр бол 60 хувьд ч хүрэхгүй, F буюу муу дүн. Ийм дүнтэй суралцагчдыг л нийтээр нь оюутан болгоод байхаар улс, эх орон чинь хэрхэн яаж өөдлөх билээ. Их сургуулиуд ч энэ янзаараа үндсэн үүргээ умартаж, ерөнхий боловсролын хоцрогдлыг нөхдөг газар болж хувирах нь. Учир нь суурь мэдлэг султай суралцагч их сургуульд элсээд дөрвөн жилийн дотор ид шидийн мэт чадварлаг мэргэжилтэн болчихдоггүйг эрдэмтэн, судлаачид хэлдэг. Ийм хүүхдүүд суурь хичээлүүдээ ойлгоход хүндрэлтэй, их сургуулийн сургалтын ачааллыг даахгүй, практик, ур чадвар султай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадваргүй иргэн болдог нь судалгаагаар нотлогдож. Ажил олгогчид ч эдү гээ дипломоос илүү ур чадвар, хэлний мэдлэг, асуудал шийдвэрлэх чадамж, харилцааны соёл, практик туршлагыг илүү үнэлэх болсон шүү дээ.
ОЛОН УЛСАД БАГШ, ЭМЧ БЭЛТГЭХЭД ӨНДӨР ШАЛГУУРТАЙ, ӨРСӨЛДӨӨН ИХТЭЙ
Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг харахад манайх шиг элсэлтийн босгоо намсгасан улс алга. Харин ч эсрэгээрээ их сургуулийн дипломын үнэ цэнийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд элсэлтийн шаардлагаа жилээс жилд улам боловсронгуй болгож, чанарын өндөр шалгуур тогтоосоор байна. Тэдний гол зорилго нь тухайн мэргэжлийг эзэмших чадвар, бэлтгэлтэй хүмүүсийг түлхүү сонгон авч, улс орондоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг. Тухайлбал, Финландын их сургуулиуд ерөнхий боловсролын төгсөлтийн шалгалтын онооноос гадна тухайн мэргэжлийн онцлогт тохирсон нэмэлт шалгалт, ярилцлага, чадварын үнэлгээ давхар авдаг. Тэр дундаа багш, эмч, сэтгэл судлаач зэрэг мэргэжлийн элсэлт өрсөлдөөн ихтэй аж. Сингапурт ч мөн адил шилдэг сурагчид хамгийн нэр хүндтэй их сургуулиудад элсдэг тогтолцоотой. Үндэсний болон технологийн их сургууль нь зөвхөн шалгалтын оноо бус, судалгааны ажил, манлайлах чадвар, олон нийтийн оролцоо, бүтээлч сэтгэлгээг хамтатган үнэлдэг. Тиймдээ ч диплом нь дэлхийн хэмжээнд үнэлэгддэг биз. Өмнөд Солонгост жил бүр зохион байгуулдаг үндэсний элсэлтийн шалгалт (CSAT) нь хамгийн өндөр шаардлагатай. Сурагчид олон жилийн турш эрчимтэй бэлтгэж, шалгалтын өдөр авто замын хөдөлгөөнийг хүртэл улсаас нь зохицуулж өгдөг. Тэд ирээдүйн инженер, эмч, судлаач болох хүмүүсээ хамгийн сайн бэлтгэгдсэн сурагчдаас сонгон шалгаруулдаг. Японд ч ялгаагүй, их сургуулийн нэр хүндийг элсэгчдийн чанараар хамгаалдаг. Сурагчдыг үндэсний хэмжээний нэгдсэн шалгалт өгсний дараа тухайн их, дээд сургуулиуд дотооддоо нэмэлт шалгалт зохион байгуулдаг гэнэ.
Ингэснээр их сургуулиуд мэргэжлийн түвшний сургалт, судалгаа явуулж, инновацад төвлөрөх боломжтой болдог. Эдгээр орны нийтлэг онцлог, үнэ цэнэ нь ерөнхий боловсролын сургалтын чанараа сайжруулах замаар боловсон хүчнээ бэлддэгт оршдог. Харамсалтай нь, манайд энэ бүхэн эсрэгээрээ. Боловсролын чанараа институцийн түвшинд муу гэдгийг сайд нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурдаг. Угтаа элсэлтийн шалгуураа сулруулах бус, боловсролын тогтолцоогоо бүхэлд нь сайжруулах шаардлагатайг хөгжсөн орнуудын дээрх туршлага бидэнд харуулсаар байгаа ч нийтээрээ ухамсарлахгүй юм. Их сургуулиуд нь ур чадвартай, мэдлэгтэй, хөдөлмөрийн зах зээлд шууд өрсөлдөх хэмжээний төгсөгч бэлтгэж, босго оноогоо ч мөн адил үе шаттайгаар нэмэгдүүлэх хэрэгтэйг олон ч жил ярилаа. Үүнийгээ дунд хугацааны бодлогоор дэмжин, жил бүр босго оноог бага багаар өсгөж, хажуугаар нь ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих, хөтөлбөрөө шинэчлэх, сурагчдын суурь чадварыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зөв гарц аж. Эрэлтгүй, чанарын шаардлага хангахгүй их сургуулиудыг нэгтгэх, сургалтын давхардлыг арилгах, санхүүжилтийг чанартайд нь төвлөрүүлэх бодлого ч хэрэгтэй байна. Олон улсад чанар хангахгүй их сургуулиуд элсэлтээ хязгаарлуулдаг, хөтөлбөрөө хаалгадаг, өөр сургуультай нэгддэг, чадамжгүй нь үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоодог жишиг бий. Хэрэв бид эдүгээ мөрдөж буй элсэлтийн босго оноогоо хангалттай гэж үзсээр байвал мэдлэг, ур чадварыг үнэлдэг тогтолцоог хэзээ ч бүрдүүлж чадахгүй биз ээ.