АН ээлжит мэдээллийн цагаараа шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Шатахууны хангамж тасарснаас нийгэм, эдийн засагт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдал нь Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой гэв. АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан “Шатахуун болон нефтийн бүтээгдэхүүний хангамжтай холбоотойгоор үүссэн өнөөгийн нөхцөл байдал бидэнд төмөр замын бодлогоо даруй тодорхойлох шаардлагатайг сануулж байна. АН бодлогын нам болох зорилтынхоо хүрээнд ажлуудаа эхлүүлсэн. Үүний хүрээнд 12 чиглэлээр зөвлөл байгуулж, урт, дунд хугацааны бодлогуудаа тодорхойлно. Парламетаар хэлэлцүүлж буй хуулиуд, Засгийн газрын шийдвэрүүдэд судалгаа хийж, гарц гаргалгаа олох, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор мэргэжлийн хүмүүстэй уулзан, мэдээлэл солилцож байна. Шатахууны хангамжтай холбоотой асуудалд Монгол Улс цаашид урт болон дунд хугацаанд ямар бодлого баримтлах вэ гэдэг чиглэлээр бодлогын зөвлөл хуралдсан. Өнөөдөр үүсээд буй шатахууны хомсдол нь төрийн бодлогын хомсдолоос үүдэлтэй. Төр шатахууны үнийг хатуу барьж, дураараа өсгөж, бууруулж байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж буй.
Төр зөвхөн шатахууны стандартыг хянаад, бусдыг нь зах зээлийнх нь зарчмаар чөлөөт өрсөлдөөнд даатгаж үлдээх ёстой. Засгийн газар газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулах ажлыг удаашруулж, Орос, Украины дайнаас хойших дөрвөн жилийн хугацаанд шатахууны асуудлыг шийдвэрлэж чадаагүй нь бодлогын алдаа. Төр хүнд нөхцөл үүсэхэд зориулж шатахуунаа боломжит хэмжээгээр нөөцөлсөн байх ёстой атал үүнийгээ хэрэгжүүлж чадсангүй. Өөрсдөө үүргээ биелүүлж чадахгүй байж онцгой нөхцөл үүсэнгүүт хувийн хэвшлүүдийг шатахуун нөөцөл гэж байгаа нь буруу тогтолцоо” гэв. Тэрчлэн өнөөдрийн байдлаар улсын төсөв 2.1 их наяд төгрөгөөр тасарч, эдийн засаг коронавирус цар тахлын үеийнхээс ч илүү алдагдалтай гарсан нь эрх баригч нам ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой гэж тэд дурдав. “МАН сүүлийн 10 жилд олонхоор засаглаж байна. Улс оронд болж буй сайн, саар бүхэн энэ намтай холбоотой. 2016 оны үед улсын төсөв 7.1 их наяд төгрөг байсан бол өдгөө 33 их наяд болж тав дахин өсчхөөд байна. Ерөнхий сайд Н.Учралын кабинет үүнээс үүдэлтэй хүндрэлүүдийг нуруундаа үүрэх ёстой. Ирэх оны төсөв хэлэлцэх дөхөж буй энэ үед 20 сайдтай данхар бүтцээ хумихыг эрх баригчдаас сөрөг хүчний хувьд шаардана. Намрын ургац хураалт, өвөлжилт гээд томоохон олон сорилт бидний өмнө бий учраас төсөв хэмнэх ёстой” гэв.