
МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын төлбөрийн тэтгэлэг болон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг бүрэн шийдээгүйн улмаас олон оюутан цаашид үргэлжлүүлэн суралцах, эсэх нь тодорхойгүй байдалд оржээ. Тодруулбал, Боловсролын сайдын А/67 дугаар тушаалаар баталсан санхүүжилт нь шаардлага хангасан бүх оюутанд хүрэлцэхгүй байгаа тул сургуулиуд хуваарилсан квотын дагуу сонгон шалгаруулалт явуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө Боловсролын яамнаас эцсийн шийдвэрээ гаргахгүй бол төлбөрийн хасах үлдэгдлийг оюутнууд өөрсдөө төлөх эрсдэлтэйг МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас анхааруулжээ.
Ингэснээр нэг оюутанд төгсөхөд шаардлагатай кредитийн төлбөртэйгөө нийлээд дунджаар 8-9 сая төгрөгийн санхүүгийн ачаалал үүсэх эрсдэлтэй аж. Энэ талаар Боловсролын яамныхан “Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог тэтгэлгийг 2026 онд бүрэн шийдэж чадаагүй. Учир нь 2026 оны санхүүжилтийг 2025 оны оюутнуудын төлбөрт зарцуулсан. Үүнээс үүдэн энэ онд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 6000 гаруй оюутны тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд яамнаас Засгийн газарт тогтоол, тэмдэглэлийн төсөл өргөн барьсан бөгөөд 2027 онд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэв. Э.СҮЙЛЭН