Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Монголын үндэсний спортын зуны VIII наадмыг Хүй долоон худагт зохион байгуулсан. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1672 тамирчин үндэсний спортын 12 төрлөөр 100 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөв. Энэ удаа нийслэлийн дүүргүүдээс Налайх дүүргийн баг хоёр алт, 10 мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар хошой аваргаар шалгарч тэргүүн байр эзэллээ. Тус дүүргийн тамирчид спортын есөн төрөлд оролцохдоо ширээний шагайн наадгайн төрөлд Б.Баттулга ахлагчтай харваачид багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Баттулга алт, хөвгүүдийн ангилалд Б.Азжаргал, охидынход Л.Эрдэнэчимэг мөнгөн медаль зүүсэн юм.
Урианхай сурын харваанд энэ жилийн наадмаар Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн Х.Болдбаатар ахлагчтай баг аман хүзүүдэв. Морьт харвааны төрөлд Э.Мэргэн тус бүр нэг алт, мөнгө хүрэл медаль гардсан бол Г.Түмэнбуяндэлгэр нэг мөнгө, хошой хүрэл медаль авсан юм. Морин дээрх барилдааны төрөлд 70 кг-ын жинд А.Нурдаулет, 80 кг-д А.Самат, 90 кг-д С.Росал, 100 кг-д О.Айбахыт нар мөнгөн медаль хүртжээ. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Баянзүрх дүүргийн баг шигшээ тэмцээнд 76 тамирчин, долоон албаны ажилтан, удирдлага, таван зохион байгуулах ажилтан нийт 88 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэд үндэсний спортын 11 төрөлд ур чадвараа сорьж тус бүр хоёр алт, хүрэл, гурван мөнгөн медаль гардаж, байгууллагын нийлбэр дүнгээр дэд байрт шалгарлаа. Үндэсний бөхийн төрөлд улсын начин Н.Амгаланбаатар, залуу бөх Д.Доржготов нар тэргүүлж, сумын заан О.Сумьяабазар мөнгө, аймгийн арслан Д.Батбаяр хүрэл медаль хүртэв. Шагайн харвааны багийн төрөлд Г.Ариунболд ахлагчтай харваачид дэд байр эзэлж, урианхай сурын цуваа харваанд Монгол Улсын мэргэн Т.Очироо дэд, халх сурын харваанд Б.Наранбаяр гутгаар байрт оров.