
Буддын шашны томоохон түүхэн хийдүүдийн нэг Зүүн хүрээ Дашчойлин хийд шашны аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, тур оператор компаниудтай хамтран ажиллаж эхэлжээ. Тухайлбал, зорин очсон жуулчдад шашны эд зүйлс, бурхан тахил, сүм дуганаа танилцуулахын зэрэгцээ лам багштай хамт цайлах, сургаал номлолын талаар санал солилцох, зулын гол ороох, өргөх, эрх хэлхэх, адислуулах боломжийг олгож буй гэнэ.
Эдгээр үйлчилгээ нь гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татаж байгааг тус хийдийн лам Ц.Алтанхүү дурдав. Түүнчлэн жуулчид, олон нийтэд чиглэсэн шашин соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж буйг мэдээллээ. Дашчойлин хийдийнхэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ОХУ-ын Сибирийн салбарын Монгол, төвөд, буддын судлалын хүрээлэн, Бурхны шашин соёл судлалын хүрээлэнтэй хамтран “Төв Азийн ард түмний бичгийн эх сурвалж-VI” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 8-нд зохион байгуулах гэж байна.
Н.ДҮҮЛ