БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён тус улсыг хамарсан хэт халалтыг үндэсний хэмжээний гамшиг хэмээн үзэж, халуунд нэрвэгдсэн иргэдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг орон нутгийн эрх баригчдад үүрэг болголоо. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр тавдугаар сарын 15-наас хойш хэт халуунаас үүдэн 2025 иргэн эмнэлгийн тусламж авч, 19 хүн нас барсан байна. Түүнчлэн ойрын өдрүүдэд халууны эрч улам нэмэгдэж, өнгөрсөн ням гарагт өмнөд нутгийн Янсан хотод агаарын дулаан 42.5 хэмд хүрсэн нь сүүлийн 122 жилийн ажиглалтын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болов.
Улмаар Сөүл хотын бүх дүүрэгт сэрэмжлүүлэг зарлаад байна. Ялангуяа өндөр настан, орон гэргүй болон бага орлоготой иргэд, гадаа ажилладаг хүмүүс аюулд илүү өртөж байгаа тул Сөүлийн эрх баригчид эмзэг бүлгийн 63 мянга орчим иргэний нөхцөл байдлыг тогтмол шалгаж, тусгай сэрүүцүүлэх байрыг ажиллуулж эхэлжээ. Нөгөөтээгүүр агааржуулагчийн хэрэглээ огцом өссөнөөс цахилгаан эрчим хүчний ачаалал эрс нэмэгдсэн байна. Иймд Ерөнхийлөгч И Жэ Мён эрчим хүчний дэд бүтцийн найдвартай ажиллагааг шалгаж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах хүчин чадлыг сайтар тооцоолохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосноос гадна гамшгийн үеийн хариу арга хэмжээний тогтолцоог бүхэлд нь шинэчлэх шаардлагатайг мэдэгдэв.
У.СҮРЭН