Боловсролын зээлийн сан (БЗС)-гаар гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын хэмжээг шинэчлэн тогтоохоор болж, холбогдох судалгаа болон төсөлд энэ сарын 3 хүртэл олон нийтээс санал авчээ. Өдгөө төслийг боловсруулж, тун удахгүй салбарын сайдад хүргүүлэн батлуулах гэнэ.
Засгийн газрын өнгөрсөн оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, эргэн төлүүлэх журмын 4.1-т заасны дагуу Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагчдын 2026-2027 оны хичээлийн жилийн дотуур байрны төлбөр, хүнсний зардлын хэмжээг дараах шалтгаанаар шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа аж.
Журмын дагуу 2025-2026 оны хичээлийн жилд мөрдсөн зардлын хэмжээнээс зарим улсын дотуур байрны бодит төлбөр давсан, улмаар суралцагчдад төлбөрийн зөрүү үүсэж, байрны гэрээ цуцлагдах, алданги тооцох зэрэг хүндрэл гарсан байна. Суралцагчид ч энэ талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирүүлсэн учраас холбогдох судалгаа, тооцоог хийж, зардлын хэмжээг нэмж байгаагаа албаныхан мэдээлсэн. Амьжиргааны зардлын хэмжээг шинэчлэн баталсны дараа дэлгэрэнгүй мэдээллийг суралцагчдад БЗС-гийн албан ёсны цахим хуудаснуудаар дамжуулна гэв.
М.ГЭГЭЭ