Залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо өнгөрсөн Бямба гарагт (9-р сарын 13-нд) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын алдарт Golden Gate Park-д зохион байгуулагдаж буй олон нийтийн “Flower Piano” хөгжмийн наадамд амжилттай оролцжээ. Тэрбээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг эгшиглүүлжээ.
Тус наадам энэ жил 9-р сарын 12-ноос 21-ний хооронд үргэлжилж, 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Жил бүр олон мянган хүн хүсэн хүлээдэг “Flower Piano”-д энэ удаад ойролцоогоор 60,000 орчим хүн хүрэлцэн ирсэн аж.
“Flower Piano” нь жил бүрийн намар болдог бөгөөд Golden Gate Park-ийн алдарт ботаникийн цэцэрлэгт 12 концертын рояль төгөлдөр хуурыг байрлуулж, мэргэжлийн хөгжимчид болон хөгжмийн сонирхогчдод тоглох, үзэгчдэд чөлөөтэй сонсох, хамтдаа хөгжимдөх боломж олгодгоороо АНУ-д төдийгүй олон улсад нэр хүндтэй болсон соёлын арга хэмжээ юм.