Том голуудын усны түвшин 10-65 см нэмэгдэн, зарим нь аюултай хэмжээнд хүрээд буй талаар ОБЕГ-аас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 5-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эх аван урсдаг Үүр, Хэнтий нуруунаас усжих Туул, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Орхон, Түйн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см-ээр нэмэгдсэн байна. Мөн Хараа, Байдраг, Хөгшин Орхон, Хархираа үерийн түвшнийг 5-20 см давсан бол Балж, Онон голынх аюултай хэмжээнд хүрчээ. Том голууд байнгын үертэй байгаагаас үүдэн усны ослын дуудлага ч ихээр бүртгэгдэж буйг албаныхан сэрэмжлүүлсэн.
Он гарснаас хойш энэ сарын 4 хүртэл нийслэлийн есөн дүүрэг, 25 аймгийн 35 сумд усны ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдэж, үүний улмаас нийт 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд гэнэ. Шалтгаан, нөхцөлийг судлахад олонх нь зориулалтын бус хийлдэг гудас, тоглоом дээр хөвж байгаад усанд осолдож, амь эрсэдсэн аж. Бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүйгээс шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдсан тохиолдол хамгийн элбэг гэв. Тиймээс иргэд, аялагчдыг гол, нуурын ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.
О.ГЭГЭЭ