Хүүхдүүд 2025-2026 оны хичээлийн жил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл сурсан сураагүй хоёрын хооронд өдөр хоногийг өнгөрүүлсээр өвлийн амралттайгаа золголоо. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур “Бие даалтын долоо хоног” нэртэй амралттай байхад багш нар ажил хаяж, энэ нь хорь гаруй хоног үргэлжлэн, хүүхдүүд хичээл ч үгүй хохирсон. Удаа ч үгүй ханиад, томууны дэгдэлт нэрийдлээр тэднийг дахин гэрт нь “хорьж”, цахим хи чээл нэртэй “жонхуу”-гаа шахсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-12 хүртэл I-IX ангийнхан цахимаар хичээллэж байгаад өнгөрсөн баасан гаргаас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэл амарчихлаа.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд хүүхдүүд үндсэндээ юу ч сурсангүй. Нэгдүгээр ангийнхан бүр үсэг, үетэйгээ ч танилцаж амжаагүй гэнэ. Боловсролын чанар, хичээл, сургалтын үйл ажиллагаа энэ онд өмнөх жилүү дийнхээсээ ч дампуурав.
Манай улс сургууль, цэцэрлэгийг ямар нөхцөлд хаах, тэр дундаа хичээл, сургалтыг хэзээ, хэдий хугацаанд цахимаар заах тухай тогтсон дүрэм журамгүй байсаар өнөөдөртэй золгов. Үүний улмаас сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүд нь бүгд шахам хууль, дүрэмгүй улс шиг бодлогын түвшинд бус, тухайн үеийн сайд, дарга нарын тааллаар, субъектив үнэлгээнд тулгуурлаж ирсэн нь харамсалтай. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш Монголын боловсролын систем үндсэндээ цахим хичээлийн горимд шилжин, туршиж, түүнээсээ суралцсаар буй ч энэ нь төдийлөн үр дүнгүй, төлөвлөгөөгүй, ямар ч бэлтгэлгүй хэвээр байна.
Цар тахлын үед буюу 2020-2021 онд манайх бусад орны жишгээр боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь Монголдоо бараг анхны тохиолдол байсан юм. Бидний хувьд цахимаар ажиллаж, суралцах тухай ойлголт шинэ, тэр хэрээр алдаа ч гаргасан. Тухайн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид голдуу онлайн хичээлийн туршилтын туулай болцгоож, боловсролын чанар ч дагаад нуран унасан. Компьютер, гар утас, интернэтгүй хүүхдүүдийн хичээл бүрмөсөн завсардаж, байгаа хэдийнх нь ирээдүй дэлгэцийн цаана замхарсан гэж хэлж болно. Үнэндээ цахим хичээл гэх нэр зүүсэн видео бичлэг, зурагт хуудас шинэ зууны сурагчдын хэрэгцээ шаардлагыг огтхон ч хангаагүй. Оромдож орсон онлайн хичээлийн балгаар тэр үед бага ангид суралцаж байсан хүүхдүүд одоо ч эх хэлээрээ бүрэн дүүрэн уншиж, бичиж чадахгүй байгаа. Энэ нь цахим хичээлийн чанарт муу дүн тавих хангалтай баталгаа гэдгийг багш нар ч хэлсэн. Цар тахлын жилүүдийн боловсролын чанар, сурагчдын сурлагын амжилтыг PISA олон улсын шалгалт ч гэрчлээд өгсөн шүү дээ. Хүүхдүүдийн унших хурд маш доогуур, уншсанаа ойлгох чадвар бүр “тэг заасан”. Одоо ч сайжирсан зүйлгүй.
Тийм байтал хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг арилгах, алдагдсан цаг хугацааг нөхөхийн оронд эрх баригчид аливаа нийгмийн асуудал гарах бүрд, шийдэж чадахгүй бууж өгөхдөө зүгээр л сургууль, цэцэрлэгээ хаачихдаг. Ямар ч бэлтгэл хангаагүй хэрнээ хичээл, сургалтаа шууд цахим болгочихдог. Хүйтэрлээ, ханиад, томуу ихэслээ гэнгүүт л хамгийн түрүүнд хүүхдүүдийн сурч, боловсрох эрхийг зөрчдөг. Авьяас чадвараа нээх, бие бялдраа хөгжүүлэх боломжийг цаг ямагт хулгайлдаг байдал хэрээс хэтэрсэн. Нөхцөл байдал нэгэнт ийм болсных цахим хичээлээ нэгмөсөн хуульчилсан нь дээр болжээ. Хүүхдүүд ч шантарч, залхаж гүйцлээ.
ОНЛАЙН СУРГУУЛЬ ХЭМЭЭХ “ОНИГОО”
Цахим сургалт цар тахлын үед сонголт бус, цорын ганц боломж байсан нь үнэн. Харин түү нээс хойш онлайн хичээлийг засаж сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хангалттай хугацаа бидэнд байв. Гэтэл өнөө хэр нь сургалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стандарт, платформ, бэлтгэл, хяналт, үнэлгээний тогтолцоо хангалттай бүрдсэнгүй. Хичээлийг цахимд шилжүүлэх процесс нь эрсдэлийн тодорхой шалгуур, судалгаанд суурилсан механизмгүй хэвээр, хот, хөдөө гэлтгүй алслагдсан дүүрэг, хороонд ч сурагчдын суралцах боломж харилцан адилгүй байна.
Монгол Улс цахим сургалтыг боловсролын тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болгох оролдлогыг сүүлийн жилүүдэд хийж буй нь сайшаалтай. Боловсролын ерөнхий хуульд сургалтын хэлбэрийг танхим, танхимын бус, хосолсон байхаар тусгаж, 2024-2025 оны хи чээлийн жилээс цахим сургууль байгуулах шийдвэр хүртэл гаргаж байлаа. Гэвч энэ сургууль нь “Medle” нэртэй цахим платформ аж. Бүх хүүхдэд зориулсан ч бус, зөвхөн ахлах ангийн сонгон судлах хичээлүүдийг үзэх боломжтой аппликэйшн гэсэн үг. Үүнийгээ Боловсролын яамныхан “цахим сургууль байгууллаа” хэмээн мэдээлсэн гээд бод доо. Үүнээс өөрөөр цахим хичээлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоогүй, ямар стандарт хангасан байх, сурагчийн мэдлэгийг хэрхэн үнэлэх, багшийн ачааллыг яаж тооцох зэрэг суурь асуулт хариултгүй үлдсэн. Өмнө нь цахим сургалтыг хуульчлах тухай санаачилга гаргаж, хэлэлцүүлгүүд өрнүүлж байсан ч бие даасан, нарийвчилсан хууль, журам болж батлагдаагүй.
Сүүлийн үед дэлхий дахинд тэгш, хүртээмжтэй хамран сургах, насан туршийн боловсролын тухай их ярих болсон. Тэгвэл цахим хичээл эл хэрэгцээг нөхөх шалгарсан арга билээ. Онлайн сургалтын хамгийн том давуу тал нь орон зай, байршлаас үл хамааран суралцах боломжийг олгодгоороо онцлогтой. Эрүүл мэндийн болоод бусад зайлшгүй шалтгаанаар үүссэн нөхцөл байдал, хөдөө орон нутагт, гадаадад амьдарч буй хүүхдүүд, эсвэл цаг агаар, онцгой тохиолдлоор сургуульдаа тогтмол явж чаддаггүй сурагчид хи чээл, сургалтаас завсардах ёсгүй. Тэгээд ч өнөө цагт нийтээрээ л дижитал хэрэглээ, технологийн суурь чадвар эзэмшсэн. Иймд цахим хичээлийг хаанаас ч нөхөн үзэх боломжтой байдлаар шийдэх нь орчин үеийнхний хэрэгцээ шаардлагыг хангах нэг үндэс юм. Монголын боловсрол дэлхийн хөгжлөөс хагас зуун жилээр хоцорсон гэж ярьдаг ч технологийн шийдлийг ашиглан бага багаар нөхөх бүрэн боломжтойг судлаачид хэлдэг. Ингэхийн тулд цахим сургалтыг хуульчилсан, амжилттай хэрэгжүүлдэг улс орнуудаас “будаа идэх” хэрэгтэй шүү дээ.

НИЙГМИЙН АСУУДЛЫГ НАМЖААДАГ “ЗЭВСЭГ” БАЙЖ БОЛОХГҮЙ
Олон улсад цахим болон зайн сургалтыг манайх шиг түр зуурын шийдлээр бус, тогтсон хууль, дүрмээр хэрэгжүүлж, хөгжүүлсээр иржээ. Европын орнуудад гэхэд дижитал боловсролын стратегийг үндэсний хэмжээнд бодлогын түвшинд баталж, цахим сургалтын агуулга, багшийн ур чадвар, үнэлгээний системийг нэгдсэн стандартаар зохицуулдаг аж. Австралид хөдөө, алслагдсан бүсийн хүүхдүүдэд зориулсан зайн сургалтын тусгай сургуулиуд олон арван жилийн турш тогтвортой ажиллаж байна. Норвеги, Грек зэрэг улсад цахим сургалтын платформ, байгууллагууд хуульчилсан статустай, чанарын хатуу шалгууртайгаар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр улсад ажиглагдсан нийтлэг нэг зүйл нь цахим боловсролыг онцгой нөхцөлд хэрэглэх бус, байнгын бэлтгэлтэй, хэрэгжүүлэхэд бэлэн систем болгон хуульчилсан явдал юм.
Ерөнхийдөө улс орнуудад боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, цахимд шилжүүлэх процесс нь ил тод, нарийн тооцоотой, уян хатан мөртлөө хэн ч дур мэдэн өөр чилж болдоггүй хатуу системтэй аж. Жишээлбэл, Япон Улсад цаг агаарын аюултай үздэгдэл, гамшиг ослын II түвшинд хүрэхэд орон нутгийн боловсролын газрын шийдвэрийг үндэслэн сургууль, цэцэрлэгийг түр хааж, цахимд шилжүүлдэг. АНУ-д онцгой нөхцөлд сургалтын хэлбэрийг өөрчилдөг ч цахим хичээлийг 3-5 хоногоос хэтрүүлэхгүй гэхчлэн бүх зүйл нь хууль, тогтоомжийн дагуу тодорхой байдаг.
Харин Монголд энэ бүхэн бүрхэг, гэнэтийн шийдвэрүүдээр дүүрэн. Тэгэхээр бидэнд нэн тэргүүнд юу дутагдаж байна вэ гэвэл тодорхой, тогтвортой эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэсэн үг. Ямарваа нэгэн шалтгаанаар танхимын хичээл тасалдлаа гэхэд цахим хэлбэрт шилжүүлэх шалгуур үзүүлэлт, стандарт, дү рэм журам хэрэгтэй байна. Үүн дээр мэдээж сургалтын чанар, агуулга, багшийн ур чадвар, дэд бүтэц зэргийг цогцоор нь авч үзэх бодлого зайлшгүй шаардлагатай. Цахим хичээл гэдэг нь гар утасны камераар ганц, хоёрхон дүрс, багшийн хэлснийг дамжуулах тухай ойлголт биш. Сургалтын арга зүй, мэргэжлийн контент, багшлах ур чадвар, сурагчийн оролцоог бүхэлд нь шинэ шатанд гаргах асуудал юм.
Онлайн хичээл, зайн сургалт нь дижитал эринд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чухал арга хэрэгсэлд тооцогдох болсон. Гол нь үүнийг хэрхэн зохион байгуулж, ямар зарчмаар хэрэгжүүлэх вэ гэдэгт л чанар нь оршино. Манайх цахим хичээлээ энэ янзаараа үргэлжлүүлсээр байвал өнгөрсөн жилүүдийн алдаагаа давтсаар, хүүхдүүдийн суралцах эрх зөрчигдсөөр, цаашлаад боловсролын чанар улам л доройтно. Харин зайн сургалтаа байнгын систем болгон хөгжүүлж чадвал хүүхдүүд хаана амьдарч, ямар ч нөхцөлд байсан суралцах боломж нь хязгаарлагдахгүй. Цахим хэрэгслийг боловсролынхоо нэг тулгуур багана болгох уу, эсвэл амь аргацаасан, нүд хуурсан, эрх мэдэлтнүүдийн нийгмийн асуудлыг намжаадаг “зэвсэг” байлгасаар байх уу гэдэг сонголтын өмнө иржээ, бид.