Сэлэнгийн төв Сүхбаатар сумд 20 га газарт, дөрвөн улирлын ухаалаг хүлэмж барих хэлэлцээрт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын “Агротек” ХХКийн ерөнхийлөгч И Сон Чүн нар өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр Өмнөд Солонгосын талаас хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, хүлэмж барихад нийт 30 000 ам.долларын хөрөнгө оруулахаар болов. Сүхбаатар сумд 70 мВтын дулааны цахилгаан станц барьж буй тул хүлэмжийн цогцолборын эрчим хүчний асуудал шийдэгдэнэ гэдгийг албаныхан онцолсон. Хэлэлцээрийн үр дүнд ухаалаг хүлэмж, жимс, ногооны үржүүлгийн цогцолбор байгуулан, энд ажиллах инженер, техникчийг шат дараатайгаар бэлтгэх гэнэ.
Ташрамд дурдахад, олон улсад амт чанартай гүзээлзгэнийн нийлүүлэлтээрээ алдартай БНСУ-ын Тун Ён хотын хүлэмжид Сэлэнгэ аймгийн 11 тариаланчийг ажиллуулж, туршлага судлуулахаар болжээ. Тэд маргааш тус улсыг зорино. Засаг дарга Н.Лхагвадорж “Манайх Тун Ён хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалт, улирлын чанартай ажиллах хүч нийлүүлэх талаар хэлэлцэж, тохиролцсон. Үүний хүрээнд аймгийн тариаланчдыг туршлага судлуулахаар илгээж байна. Тэд дараа дараагийн солилцооны хөтөлбөрийн гүүр болох юм” гэлээ.
М.Гэгээ