Австралийн Бонди далайн эрэг орчимд зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас уржигдар 10-87 насны 15 хүн амиа алдаж, 42 иргэн гэмтэж бэртжээ. Эл үйл явдал еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баярын үеэр болсон бөгөөд цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж буй юм. Цагдаа нарын мэдээлснээр зэвсэгт халдлага үйлдсэн хүмүүс нь аав, хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол 24 настай хүүгийн биеийн байдал хүнд, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе “Уг халдлага бол еврейчүүдийг санаатайгаар онилсон, жигшүүртэй үйлдэл” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр халдлагад хариу арга хэмжээ авахын тулд шаардлагатай бүх нөөцийг зориулж, Австралийн нийгэм дэх еврейчүүдийг үзэн ядах үзлийг бүрмөсөн устгахаа энэ үеэр амласан байна.
Э.Сүйлэн