Өөрийгөө энэ хотын хаан гээд бодчихсон Х.Нямбаатар болон түүний “цэргүүд” амралтын өдөр, ажлын бус цагаар нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ыг “хөдөлгөж”, нийслэлчүүдэд “гэнэтийн бэлэг” барьсан юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-31 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар шийдвэрлэсэн хэмээн дээрх байгууллагын нэр бүхий хүмүүс уржигдар 19.00 цагт мэдээлэл хийсэн билээ. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн. Тиймээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх санал асуулга явууллаа. Санал асуулга өнөөдөр (ням гараг) 18.00 цагт дууссан бөгөөд 6544 иргэн оролцож, 52.26 хувь нь улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн” гэх мэдээллийг анхлан өгсөн. Үүний дараа 19.00 цагт нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, ТЦА-наас дээрх мэдээллийг бататган, 16 хоногийн хугацаанд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах болсныг мэдээлсэн юм. Үүнийг нь тэр даруй хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагынхан түгээснээр иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарав.
Хөхөө өвлийн хүйтэнд, нийтийн тээвэр нь хүрэлцэхгүй, хөлдөж үхэхийн даваанд хөл дүүжлэх унаанд суудаг нийслэлчүүдэд энэ шийдвэр маш гэнэтийн бөгөөд ухаангүй үйлдэл байв. Бага ангийн сурагчид амар чихсан, дунд, ахлах ангийнхан удахгүй урт хугацаанд хичээллэхгүй гэж байхад 1.6 сая иргэний нэр барьж, ердөө 3420 хүний дэмжсэн шийдвэрээр автомашиныг дугаарын хязгаарлалтаар зорчуулах нь цагаа олоогүй, харлаган шийдвэр гэхээс яалтай. Автомашины татвар, зам ашигласны төлбөрийг бас хоёрхон хүнээс цахимаар санал аваад дэмжээгүй байхад 3-5 дахин нэмчхээд, иргэдийг ахин дахин хохироож, түрэмгийлж байна, зорчих эрхийг хязгаарлахын зэрэгцээ торгууль нэрээр ард түмнийхээ халаасыг сэгсрэх гэсэн луйвар хэмээн олон нийт бухимдлаа цахимд илэрхийлцгээсэн юм.
Эл шийдвэрээс хойш гурван цагийн дараа буюу 22.13 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад, дугаарын хязгаарлалт хийх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу ТЦА мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЦЕГын даргад мэдэгдээгүй. Хариуцлага ярина. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар ЦЕГ-т үүрэг өгөв” хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдэгдсэн. Сайдын “аврал”-аар иргэд өчигдөр дугаарын хязгаарлалтгүй зорчсон ч дахин ингэж хорьж, цагдаж, хааж, боохгүй гэх баталгаа алга.
Эцэстээ дугаарын хязгаарлалттай холбоотой хэвлэлийн хурал буух эзэн, буцах хаяггүй болчихлоо. ТЦА-ныхан нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийнхэн “үүрэгдсэн” гэх. Харин тус газрынхан “Манайхаас хэн хэлснийг мэдэхгүй. Дарга нар л хоорондоо яриад шийдсэн байх” гэсэн бүрхэг хариулт өгсөн. Дураараа дургих гээд бүтэлгүйтэж, иргэдийн эсэргүүцэлтэй тулаад ирэхээр аль аль нь арьсаа хамгаалж эхлэв. Хэн нэгэн даргыг халж, солиод хүний эрхийн зөрчил буурахгүй, харин дураар авирлаж, хуулийг уландаа гишгэсэн “хэргийн эзэн”-ийг олж, хариуцлага тооцохыг иргэд хүсэж байна. Санал асуулга нэрээр үнэн, худал нь мэдэгдэхгүй хэдэн тоо хэлж, хүний зорчих эрхэд бүдүүлгээр халдахаа хэзээ зогсоох вэ.
Дээрх асуудлаар ХЭҮК-т гомдол ирээгүй тул тус газраас мэдэгдэл хийхгүй гэв. Харин хуульч Л.Галбаатар “Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нь ихэвчлэн бичгээр гарах ёстой. Онцгой болон хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд (гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх гэх мэт) захиргааны актыг амаар болон бусад ойлгомжтой хэлбэрээр (дохио, тэмдэг) гаргаж болно. Дугаарын хязгаарлалт нь тодорхой нэг хүнд биш, нийт жолоочид хамаатай тул энэ нь “Захиргааны хэм хэмжээний акт” гэж тооцогдоно. Энэ тохиолдолд шаардлага өндөрсдөг. Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснээр хүчин төгөлдөр болдог. Ялангуяа иргэний зорчих эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд шийдвэр нь маш тодорхой, бичгээр гарсан, хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагатай. Өчигдрийн нөхцөл байдлын тухайд хэрэв энэ нь гамшгийнх (жишээ нь зам дээрх мөстлөг, тэг зогсолт) гэж үзэн хойшлуулшгүйгээр шийдвэрлэсэн бол амаар шийдвэр гаргахыг хуулиар зөвшөөрч болно. Гэхдээ ийм шийдвэр гаргасан даруйдаа бичгээр албажуулж, олон нийтэд албан ёсны эх сурвалжаар танилцуулах үүрэгтэй. Хэрэв өнөөдрийг хүртэл албан ёсны захирамж, тушаал гараагүй байхад иргэдийг торгох, эсвэл хязгаарлаж буй бол энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “Илт хууль бус” акт болох магадлалтай” гэв.
Өчигдрийн байдлаар захирамж бүү хэл, үүрэг, чиглэл өгсөн эзэн нь ч “олдохгүй” байна. “Толгойгүй” төрийн тохуурхал нь иргэд биш. Эргэж буцсан энэ мэт шийдвэр гаргаж, олон нийтийг төөрөгдүүлж, хохироохоо зогсооно уу. Хааж, боогоод амжилт олохгүй шүү, хотын дарга аа.
Ч.Болор