Докторын зэрэг хамгаалсан баярт өдрөөр аав, ээжтэйгээ. 2005 оны 12 дугаар сарын 4
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн амбулаториороо жилд 320 мянган тусламж үзүүлж, 24 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 14 мянга орчим мэс засал хийдэг төрөлжсөн, мэргэжлийн ууган эмнэлэг. Тусламж, үйлчилгээний тоо нь хэдэн мянгаар хэмжигддэг тус эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхдагч бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг урьтаж нутагшуулсан “гавьяатай”. Тус эмнэлгийн олон эмч, мэргэжилтэн ОХУ-д сурч боловсорсон бөгөөд тэдний нэг, тус эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч, анагаах ухааны доктор Б.Болормаатай ярилцлаа. Тэрбээр ард иргэдийн нэрлэдгээр Элэг цөс, нойр булчирхай, ходоод, гэдэсний тасагт 20 гаруй жил ажиллаж буй. Тэд жилд 30 мянган хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Элэг шилжүүлэн суулгах өвчтөнийг бэлтгэх, эмчлэх, хянах нь тус төвийнхний нэг үүрэг бөгөөд дотоод, гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан 750 гаруй өвчтөнд “санаа тавьж” байна.
-УНТЭ -ийн 100 жилийн ой энэ жил тохиож, “Хөдөлмөрийн баатар” эмнэлэг боллоо. Анх “Ардын эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаагаа 1925 онд нэг орос, гурван монгол эмчтэйгээр эхлүүлсэн гэдэг байх аа.
-Монгол Улсын ууган эмнэлгийн маань 100 жилийн ой 2025 оны аравдугаар сард ёслол, хүндэтгэл дүүрэн болж өнгөрлөө. Энэ түүхт ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Орчин цагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний олон шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэх, монгол хүний дундаж наслалтыг уртасгах, улмаар ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсныг” нь үнэлж, манай УНТЭ-т “Хөдөлмөрийн баатар” цол олгосон. Бид “Баатар” эмнэлгийн нэгээхэн эд, эс нь болсондоо баяртай, бахархалтай байгаа. Үнэхээр ч УНТЭ маань эрүүл мэндийн салбарын анхдагч, манлайлагч байж, ачааны хүндийг түүчээлэн үүрч явдагтай хэн ч маргахгүй биз ээ.
Түүхийн хуудаснаас сөхөж үзвэл Ардын эрүүлийг хамгаалах газрын 793 тоот тушаалаар 1925 оны аравдугаар сарын 25-ны өдөр европ эмнэлгийн найм, лам ёсны төвд эмнэлгийн долоон ортой “Ардын эмнэлэг” нэртэй ард иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх, шинжлэх ухааны боловсон эмнэлэг байгуулагдсан нь эдүгээгийн УНТЭ-ийн тулгын чулуу юм. Тухайн үедээ европ эмнэлэг нь хоёр эсгий гэртэй, эмнэлэг үйлчилгээг нь ЗХУ-ын эмч Казанский хариуцдаг, нэг байшинд нь больниц, амбулатори нь хамтдаа байрлаж байв.
-Улсын ууган эмнэлгээс одоогийн төрөлжсөн, томоохон эмнэлгүүд салбарлаж, олон эрдэмтэн, эмч нар төрөн гарсан. Энэ талаар та товчхон танилцуулахгүй юу?
-УНТЭ-ээс 1929 онд Сувилагчийн сургууль, 1931 онд СЭМҮТ, 1934 онд Нийслэлийн түргэн тусламжийн төв 103, 1940 онд ЦССҮТ, 1943 онд Сүрьеэгийн алба, 1946 онд Арьс өнгөний алба, 1947 онд ХӨСҮТ, 1949 онд ЭХЭМҮТ, 1951 онд “Өргөө” амаржих газар 1954 онд П.Н.Шастины нэрэмжит УГТЭ, 1961 онд ХСҮТ, 1966 онд Протез-Ортопедын үйлдвэр, 1973 онд ЭСҮТ, 1975 онд ГССҮТ зэрэг улсын хэмжээний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг болон ЭМС-ын бие даасан албууд төрөн гарчээ. Ууган эмнэлгээс төрөн гарсан алдар, цолтой эрдэмтэн мэргэдийг энд мөхөс би дурдаад баршгүй. Зарим нэгийг дурдвал энэ 100 жилийн түүхэн хугацаанд Төрийн соёрхолт баг зургаа, Хөдөлмөрийн баатар дөрөв, Ардын эмч 15, Хүний гавьяат эмч 73, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан нэг, Академич 17, Шинжлэх ухааны доктор 15, профессор 41, Анагаах ухааны доктор 107 тус тус мэндэлсэн байна.
-Таныг ОХУ-д анагаахын шинжлэх ухааны сургууль төгссөн гэж сонссон. Тухайн үед Монголоос хэдүүлээ суралцаж байв. Сургуульд явсан түүхээсээ сонирхуулахгүй юу?
-Би 2002 онд ОХУ-ын Эрхүү хотын АУИСийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мөн төрөлх сургуульдаа дотрын өвчин судлалын үндсэн мэргэжил эзэмшиж, элэг гэмтээгч вирусний чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Би Анагаах ухааны дунд сургуулийг лаборант бага эмчээр төгсөөд, одоогийн НЭМХ буюу тухайн үеийн Эрүүл ахуй халдвар, нян судлалын институтэд ажиллаж байгаад үе тэнгийнхнээсээ арай хожуу дээд сургуульд элссэн юм. 10 жилийн сургуулиа төгсөөд багагүй хугацаа өнгөрчихсөн, бас ээж болчихсон үе байсан тул хүний газар суралцахад хэцүү байсныг нуух юун. Гэхдээ орос хэлний суурь мэдлэг, орос багш нарын чин сэтгэл, хатуу шаардлага, ачит аав, ээжийн минь тусламж дэмжлэг, эмч болох чинь хүсэл минь намайг хөтөлж үндсэн мэргэжлийн дотрын эмч, төрөлжсөн нарийн мэргэжлийн хоол боловсруулах эрхтний эмч болон элэг шилжүүлэн суулгах хяналтын эмч, анагаах ухааны доктор болгосон доо.
Анх Эрхүүгийн АУИС-ийн I курст 29 монгол оюутан элссэн ч “оонын эвэр шиг” хоёулхнаа төгссөн. Миний оюутан цагийн ганц найз бол ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ийн тандалт, судалгааны албаны тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Үнэнчимэг юм. Одоо ч бид хоёр оюутан цагийн үерхэлдээ үнэнч, нэгнийхээ жаргал, зовлонг хуваалцаад явж байгаа. Оюутан болоод Б.Алтанцэцэг, Н.Мөнхцэцэг, Н.Жавхлан, Н.Гойдбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сарантуяа зэрэг VI курсийн ах, эгч нартайгаа оюутны байранд танилцаж, талхны дэлгүүр, троллейбусны буудал, хүнсний зах хаа байдгийг заалгаж байж билээ. Одоо бодоход инээдтэй ч гэсэн олон нандин, сайхан дурсамж бий. Биднийг оюутан болдог жил хуучин ЗХУ задарч, ОХУ болсон. Хоёр орон маань нийгэм, улс төр, эдийн засгийн шилжилтийн үед байсан эгзэгтэй мөч л дөө. Хөрш орны зарим их дээд сургууль Монгол Улсад өөрийн төлөөлөгчтэй болж байсан тэр үед РЦНК дээр очиж, орос хэлний шалгалт өгч тэнцээд сургуульдаа явсан. Харин очсон хойноо биологи, химийн шалгалт өгч, бэлтгэл ангиа алгасан шууд I курст орж байв. Гайхалтай сайхан Эрхүү хот, Ангар мөрний зөөлөн долгио, Байгал далайн хараа булаам хөлгүй цэнхэр үзэсгэлэн, Сибирийн тас хийсэн хүйтэн одоо ч зүрх сэтгэлд минь ойрхон байдаг.
-Манай улсад, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо их байсан. Ялангуяа УНТЭ-ийг үүсгэн байгуулах, эмч, сувилагчдыг чадавхжуулах, мэс заслын тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд орос мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо ямар байв?
-Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжихөд Орос, Зөвлөлтийн эмч, мэргэжилтний байгуулсан гавьяаг хэлж баршгүй. УНТЭ-ийн төрөлжсөн мэргэжлийн бүх тасаг төвийн тулгын чулууг Орос, Зөвлөлтийн мэргэжилтнүүд тавьж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, зохион байгуулалтын хувьд бэхжүүлснийг түүхээс харж болно. 1960-аад оныг дуустал ихэнх тасгийн эрхлэгч, зөвлөх эмч нар ЗХУ-аас уригдан ирсэн эмч, эрдэмтэн докторууд байлаа. Тухайлбал, улсын ууган эмнэлэг нээгдэхэд даргаар нь БНМАУ-ын Засгийн газрын урилгаар ирсэн ЗХУ-ын эмч, мэс засалч Н.Н.Конопацкий, орчин үеийн эмнэлгийн хэсгийн даргаар ЗХУ-аас уригдаж ирсэн, цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Павел Николаевич Шастин байжээ. УНТЭ-т 1925-1938 оны хооронд үндсэн мэргэшсэн боловсон хүчин нь дан ганц орос эмч нар байсан төдийгүй Эрүүлийг хамгаалахын анхны сувилагч, бага эмч нарыг орос эмч мэргэжилтнүүд зааж сургаж, дагалдуулан бэлтгэжээ. 1926-1928 онд Ардын засгийн урилгаар ажиллаж байсан РСФСР-ийн (ЗХОУ) Ардын эрүүлийг хамгаалах комиссариатын нэг, хоёрдугаар эмчлэн сэргийлэх экспедицийн эмч нарын туслалцаа шинэ Монголын ард түмнийг эрүүлжүүлэх, эрүүлийг хамгаалахын шинэ тогтолцоог бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.1934 онд анхны рентген оношийн кабинет байгуулж, ЗХУ-д үйлдвэрлэсэн “Буревестник” гэдэг бага хүчин чадалтай аппаратаар цээж, улаан хоолой, ходоод харах, үе мөчний зураг авах зэрэг оншилгоог ЗХУ-ын эмч нар хийж байсан нь дүрс оношилгооны салбарын эхлэлийг тавьсан юм.
1935 онд Улсын төв эмнэлгийг Улсын төв больниц болгон өргөжүүлсэн бөгөөд тухайн үед ЗХУ-д суралцаад төгсөж ирсэн анхны дөрвөн монгол эмч нар эмч болон эмч-багшийн ажил хавсран гүйцэтгэж байжээ. 1938- 1942 онд Улсын төв больницод ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн чих, хамар, хоолойн эмч П.Н.Громов нь амбулатори болон стационарт ажиллаж, хэсгийн мэдээ алдуулалтаар цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих, дээд эрүү тайрах, Мурын аргаар хамар дайврын хөндийн хавдар авах мэс заслыг маш чадамгай хийдэг байж. 1940 онд Төв эмнэлгийн дотрын тасгийг хүлээн авах, амбулатори, хэвтэн эмчлүүлэх 100 ортой хэсгүүдтэй болгож өргөтгөх үед мэдрэлийн өвчтэй хүмүүсийг эмлэх 10 ортой тасгийг Зөвлөлтийн мэргэжилтэн П.Я.Семенова ажиллуулж, цаашид зөвлөлтийн эмч, сувилагч нар ээлжлэн ажиллаж байв.

-Орос багшийн сургамж болон оюутан цагийнхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Эрхүүгийн АУИС-ийн Эмчилгээний факультетын 105 дугаар группын оюутан болоод орос ангийхантайгаа суралцаж эхэлсэн дээ. Манай ангийхан их нийтэч, коллектив сайтай, хичээл сурлагадаа сайн байсан. Хэл, усны бэрхшээлтэй надад сэтгэл харамгүй тусалж, дэмждэг байлаа. Одоо ч ангийнхантайгаа цахим орчинд байнга харилцаа холбоотой. Хамгийн сүүлд 2019 онд төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд оролцохдоо ангийхантайгаа уулзсан. Бүгдээрээ эмчээрээ ажиллаад, аж амьдрал нь тэгширчихсэн, зарим нь бүс нутагтаа төдийгүй ОХУ-д нэртэй эмч нар болсон байна лээ. Манай ангийн Паша Улыбин Эрхүү хотын Хавдар судлалын төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, Ира Шипкова Эрхүү хотын АУИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш, доктор, Саша Лаврентьев Усолье-Сибирское хотын эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмч, Елена Гетьман Красноярск хотод цэргийн эмчээр ажиллаж байгаа. Би оюутан цагийн найз нараа дурсахдаа нэг охиныг заавал дурддаг юм. Оюутны байранд найзалсан Энэтхэгийн Мумбай хотын Рашми Кавиндран. Тэрбээр одоо нутагтаа зүрх, судасны эмч хийж байна. Б.Алтанцэцэг, Н.Мөнхцэцэг Рашми бид дөрөв одоо ч найз хэвээр. Дэлхийн аль хэсэгт, хэзээ уулзахаа мөрөөдөж байгаа. Багш нарын тухайд бол хамгийн ойр дотно, үг сургаалиа хэлж байдаг хүмүүс бол миний докторын ажлын удирдагч ШУ-ы доктор И.В.Малов, ШУ-ы доктор Е.Д. Савилов багш нар минь юм. 2019 онд сургуулийнхаа 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо хоёр багшдаа золгосон. Багш нараасаа эмч байхын философийн утга учир, хүний өвчин зовлонг чин сэтгэлээсээ мэдрэх, хүн гэдэг бодгалийг бие махбодийн хувьд төдийгүй оюун санааны түвшинд нь танин мэдэж эмчлэх ур чадварт суралцахыг эрмэлзсэн.
Анагаахын шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж, хиймэл оюун бүхий л салбарт байр суурь эзлэх болсон өнөөө цагт гадаадын олон улсад сурах боломж залууст нээлттэй. Тэгвэл яагаад Орост гэж? -Товчхондоо, ОХУ-д анагаах ухааны боловсролын чанар асар өндөр хөгжсөн. Санхүүгийн хувьд ч боломжийн, тэтгэлэг авах боломж өргөн, Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй анагаах ухааны чиглэлээр сургадаг гэх мэт давуу тал олон. ОХУ-ын их, дээд сургуулиуд сүүлийн жилүүдэд хиймэл оюун, оношилгооны дэвшилт технологи, мэс заслын робот систем, мэдрэл судлал, цөмийн болон протоны оношилгоо, эмчилгээ, амь тэнссэн болон гамшгийн үеийн анагаах ухаан зэрэг чиглэлээр тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна.