Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны даргаар Н.Мягмарыг томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт оруулж ирснийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлгээс гурав хоногийн завсарлага хүсэв. Эл томилгоог хаврын чуулганд багтаан шийдэх хэрэгтэй хэмээн спикер сануулж, сөрөг хүчинд нэг хоногийн завсарлага өглөө. СЕХ-ны дарга байсан П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүсэлтээрээ чөлөөлөгдөж, удалгүй Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Түүнээс хойш тус хороо даргагүй байсан билээ. Мөн хэд хэдэн гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад байсныг парламент энэ долоо хоногт нөхөн томилсны нэг нь Н.Мягмар юм.
Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр, магистрын зэргээр дүүргэжээ. Мөн Америкийн их сургуулийн Хуулийн коллежид хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. ХЗДХЯ-нд “ирж, очин” 10 гаруй жил ажиллахдаа ахлах мэргэжилтэн, газрын дарга, 2024-2026 онд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан аж. СЕХ-ны гишүүнд нэр дэвшихийнх нь өмнө түүнийг Засгийн газрын ХЭГ-ын дэд даргаар томилсон юм.
С.Уул