Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон шатахууны хомсдолтой холбоотой үүссэн бэрхшээлүүдийг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын жуулчин тээврийн холбоотой хамтран үе шаттай арга хэмжээ авч буй талаараа мэдээлэв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабынхан нийслэл, орон нутагт шатахуун хэвийн олгож эхэлсэн гэж мэдээлж буй ч зарим бүс нутаг, ялангуяа говийн аймгуудад одоо ч хомсдолтой, жуулчин тээврийн үйл ажиллагаа доголдолтой байгаа аж. Иймд шатахууны хангамжийг нэмэгдүүлэх хүсэлт, шаардлагыг дээрх газруудаас холбогдох яам, төрийн байгууллагуудад хүргүүлжээ. Түүнчлэн аялал жуулчлал эрхлэгчдээс шатахууны бодит хэрэгцээ, аяллын маршрут, тээврийн хэрэгслийн мэдээллийг цуглуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудтай ойрын хугацаанд уулзалт хийхээр бэлтгэж байгаагаа мэдээлэв. Мөн нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын жуулчин тээврийн холбоотой хамтран жуулчин тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах зохицуулалт хийж, таних тэмдэг олгож эхэлжээ.
Ж.Сувд