Төсвийн ил тод байдал, үр ашигтай зарцуулалтад хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан ирэх оны төсвийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна.
“2027 оны төсвийн төсөл: Аудит ба Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт” сэдэвт хэлэлцүүлгээр манай улсын төсвийн бодлого, тэргүүлэх чиглэл, орлого, зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг ил тод болгохын зэрэгцээ Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ чиглэлээр гаргасан дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах нь.
Төсвийн төлөвлөлтөд салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл, судлаач, шинжээч, мэргэжилтнүүд, иргэд, олон нийт гээд холбогдох талуудыг өргөн цар хүрээнд оролцуулж, шаардлагатай мэдээллээр ханган, санал хүсэлтийг нь тусгах нь төр засгийн үүрэг. Гэвч төрийн байгууллагынхан төсвийн хуваарилалт, зарцуулалттай холбоотой “будилаан”-аа нуун дарагдуулахын тулд энэ чиглэлийн мэдээллийг төдийлөн ил болгодоггүй. Иргэд, олон нийт ч үүний талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүйн улмаас байр суурь, санал хүсэлтээ тэр бүр нээлттэй илэрхийлдэггүй. Тэгвэл “Монголын залуучуудын эвсэл”-ээс зохион байгуулах хэлэлцүүлэг нь төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах, төрийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөөс төвлөрүүлдэг хөрөнгийн зарцуулалтыг үр ашигтай болгоход чиглэж буйгаараа ач холбогдолтой.
Н.Мишээл