...Түүний бүтээсэн дүрүүдэд албадсан, хүчилсэн эсвэл хэтрүүлсэн шинж байдал ажиглагддаггүй нь бие, сэтгэлээ тухайн дүрдээ бүрэн уусгаж, гадаад, дотоод байдлаа удирдаж чаддаг байсных нь давуу тал байх. Түүний жүжиглэх уран чадварын тухай театрын жүжигчид болоод кино урлагийнхан өдгөө ч ам дамжин шагшдаг...
Алчуур мушгин зогсох орос эмч рүү “Дооктор, очень харошо. няд няд” гэж хэлчихээд “Энэнээс илүү би яах вэ дээ” хэмээн үргэлжлүүлэн өөртөө хэлээд хээв нэг хоолны саваа арчих Бумаа бол XX зууны эхэн үеийн жирийн монгол эмэгтэйн бодит илэрхийлэл билээ. Эрүүл мэндийн байгууллагын тухай мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг ард түмэндээ дэнлүү нь болж, эмнэлэг рүү ирэх хөтөч хийх хүсэлтэй ч үе үехэн хуучин дадлаараа лам багштанд залрах Бумаа цаанаа л гэнэхэн.
Байхгүй хүнийг танил дотно болтол амилуулж, өөрөөсөө ч илүү алдаршуулсан авьяаслаг жүжигчин Түдэвийн Цэвээнжавыг “Монгол кино-80” буланд онцолж байна.
Кино үйлдвэрийн 80 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Гайхамшигт дэлгэц” төслийн хүрээнд өнгөрсөн жил “Сэрэлт” киноны нэг хэсэгт одоогийн жүжигчдийг тоглуулан дүрс бичлэг хийсэн байдаг. Орос эмчийн дүрд түүний охин, УИХ-ын гишүүн С.Оюун тоглосон бол Бумаагийн дүрд жүжигчин Ш.Алтанцэцэг тогложээ.
Орчин үeийн тeатрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг, Цагаан дэрс гэдэг газарт малчин Түдэвийн ууган охин болон төржээ. 1936 онд Улаанбаатар хотод ирж, Гар урлалын артeльд оёдoлчин болсны зэрэгцээ сайн дурын уран сайхны дугуйланд хамрагдаж дуулж бүжиглэн, хааяa жижиг үзэгдэлд тоглодог байжээ. Унаган авьяас нь олонд илхэн Т.Цэвээнжав 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцсанаар энэ замд эргэлт буцалтгүй оржээ. Дараа жилээс нь Улсын төв тeатрын тавдугаар зэргийн жүжигчин болсон гэдэг.
Түүний бүтээсэн дүрүүдэд албадсан, хүчилсэн эсвэл хэтрүүлсэн шинж байдал ажиглагддаггүй нь бие, сэтгэлээ тухайн дүрдээ бүрэн уусгаж, гадаад, дотоод байдлаа удирдаж чаддаг байсных нь давуу тал байх. Түүний жүжиглэх уран чадварын тухай театрын жүжигчид болоод кино урлагийнхан өдгөө ч ам дамжин шагшдаг.
1957 онд үзэгчдийн хүртээл болсон “Сэрэлт” киноны зохиолыг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, Төрийн шагналт зохиолч Ч.Чимид нар бичиж, “Үер” киноны Болд өвгөний дүрээр олондоо хүндлэгдсэн, ардын жүжигчин С.Гэндэн найруулжээ. Энэ киноны зураглаачаар ардын жүжигчин, “Ардын элч”, “Үер”, “Өглөө” киноны найруулагч Дэжидийн Жигжид ажилласан түүхтэй. “Сэрэлт” киног гарснаас хойш хоёр жилийн дараа Д.Жигжид гуай найруулагчаар түлхүү ажиллах болсон юм билээ.
“Сэрэлт” киноны хөгжмийг Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаа бичиж Улсын хөгжимт, драмын театрын хөгжимчид тогложээ. Киноны гол дүр буюу орос эмчийн дүрд УИХ-ын гишүүн С.Оюуны ээж Г.Доржпалам, Дашид Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Цэгмид, түүний охин Сүрэнгийн дүрд Ч.Сосор, хүү Пүрэвжавын бага насны дүрд Ж.Банзрагч, их эмч болсон үеийнх нь дүрд Б.Пүрвээ нар тогложээ. Энэ киноны хамгийн зэвүүн бөгөөд хүн бүрийн сэтгэлд шашны талаар таагүй сэтгэгдэл төрүүлэх багш ламын дүрийг ардын жүжигчин З.Цэндээхүү бүтээснийг уншигчид санаж буй биз ээ.
Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай кино урлагийн хөгжлийн түүхтэй салшгүй холбогдох гавьяатай нэгэн юм. Түүний бүтээсэн цайлган сэтгэлтэй шударга, наргианч зантай эмэгтэйн дүрүүдийг монголчууд дэлгэцээр үзэж, баяссаар нэгэн жарныг ардаа үджээ.
“Сэрэлт” киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүрд жүжиглэж, орос эмчийг угтан мунгинаж, дэлгүүрээс юм худалдан авахдаа олныг хөгжөөн шал угааж байгаа болон бичиг заалган баллан байгаа нарийн тоглолт нь дүрийнхээ дотоод мөн чанарыг тод томруун гаргаж чадсанаараа Монголын кино урлагт цоо шинэ хуудас нээсэн хэмээн судлаачид онцлон бичсэн байдаг.
Т.Цэвээнжав гуай 1963 онд “Энэ хүүхнүүд үү” кинонд нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 онд “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд, 1970 онд “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжидын дүрийг бүтээжээ. Түүнийг найруулагч, зохиолч хоёрынхоо дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж, киног амьдруулж чаддаг жүжигчин хэмээн гавьяат жүжигчин, кино найруулагч П.Доржпалам үнэлсэн байдаг.
2000 оны босгон дээр “Зууны манлай” уран бүтээлчдийг тодруулан алдаршуулахад түүнийг “Зууны манлай эмэгтэй жүжигчин” хэмээн өргөмжилсөн ч энэ алдраас нь илүүтэй Бумаагийнх нь дүр түүнийг тодруулж явдаг. Ямар ч шагнал, алдар нэр, урамшууллаас илүү үнэтэй хөшөө нь түүний бүтээсэн дүрүүд билээ.
Үе үеийн уран бүтээлчид түүнээс үлгэрлэн, мэргэжлийнхээ оргил хэмээн үнэлж явдаг нь үнэн. Тухайлбал гавьяат жүжигчин Г.Чаминчулуун нэгэн ярилцлагадаа “Би Т.Цэвээнжав гуай шиг л жүжигчин болохыг хүссэн” хэмээн хэлсэн байдаг. “Яагаад” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ хүн дүрдээ бүр дурлаж, шатаж тоглодог байсан. Тухайн дүрээрээ амьдарч чаддаг ховорхон авьяастай уран бүтээлч байсан даа. Тоглолтыг нь харахад яг л тэр дүр мөн шүү. Бэлтгэлээ хийж байхад нь мэндэлвэл тухайн дүрээрээ л өөдөөс хариулна. Урлагийн төлөө өөрийгөө золиосолж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чаддаг байсан нь бүтээсэн дүр бүхнээс нь мэдрэгддэг юм” хэмээн тодруулан ярьсан нь бий.
Дүрээрээ дурсгалын хөшөө сүндэрлүүлсэн энэ алдартанд өнгөрсөн жил төрсөн нутгийнхан нь хүрэл хөшөө босгосон юм билээ. Дорнод аймгийн Матад сумын 90 жилийн ойгоор сүндэрлэсэн хөшөөнд түүнийг эгэл даруу төрхийг илүү тодруулсан байдаг юм.
Зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав агсан 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд тоглосон түүхтэй. Ирэх жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиох аж.
С.СЭРГЭЛЭН