- Нийслэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа-
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр буюу өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын 2026 оны төсвийг төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар баталлаа. Төсвийн орлогын 85-90 хувийг дангаараа бүрдүүлсээр ирсэн татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй, нээлттэй мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр хав дарж байгаад нийслэлийн ИТХ-ын хороо, бүлгийн хурлуудаар хэлэлцүүлсэн болоод шууд баталсан туйлын хариуцлагагүй тохиолдол энэ болов. Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.6 их наяд төгрөгөөр баталсан бөгөөд зарлага нь 5.8 их наяд байх нь.
Ирэх жил хотод төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцэд, 8.2 хувь нь нийгмийн салбарт зарцуулагдана.
Ирэх оны төсвийн төслийн алдаа, зөрчил, завхралыг иргэдээ төлөөлөн хотын парламентад сонгогдон ажиллаж буй 45 төлөөлөгч биш, “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ынхан уудлан гаргаж, энэ сарын 3-нд олон нийтэд мэдээлсэн юм. Тус байгууллагын тэргүүн Т.Амарзаяатай ярилцлаа.
-Монгол Улсын хүн амын тал хувь нь ажиллаж, амьдардаг нийслэлийн төсвийг олон нийт, хэвлэл мэдээллийнхнээс тас нууж, хаалттай байлгасаар байна. 2026 оны төсвийн төслийг Та бүхэн хэзээ, хэрхэн яаж олж авав?
-Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд, олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Төсвийн болон Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуульд энэ тухай маш тодорхой тусгасан байдаг. Тийм ч учраас бид нийслэлийн 2026 оны төсвийн төслийн мэдээллийг үзмээр байна, хэрхэн боловсруулж байгаа, ямар шат дамжлагаар хэлэлцэж буй, иргэдийн оролцоог яаж хангаж байна вэ гэх мэт асуултад хариулт авахаар саналаа аравдугаар сарын 9-нд албан бичгээр нийслэлийн ЗДТГ болон ИТХ-ын Ажлын албанд хүргүүлсэн. Гэвч нийслэлийн ЗДТГ-аас ирсэн хариу нь инээдэмтэй. Төсвийн тухай хуулийн бас нэг өөр заалтыг эш татаад, “Арваннэгдүгээр сарын 25-нд төсвийн төслийг Аудитын газар болон нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлсний дараа холбогдох сайтаас мэдээлэл авна уу” гэсэн байсан. Аудитын газарт төслөө өргөн барьсан хэдий ч нийслэлийн холбогдох сайтад нөгөө төсвийн мэдээлэл орохгүй л байсан. Сүүлдээ бид байгууллагынхаа пэйж хуудсаар дамжуулан Х.Нямбаатар даргыг төсвөө ил тод байршуулахыг шаардахад дөнгөж өчигдөр (энэ сарын 2) ИТХ-ын Ажлын албанаас хүн холбогдон, сайтынхаа “хэлэлцэх асуудал” цэсэн дунд оруулснаа хэлж, холбоосыг нь явуулсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвийг батлахаас гурав хоногийн өмнө бид нэхэл дагал болж байж төслийг нь олж аваад, шуурхай дүн шинжилгээ хийн, иргэдэд мэдээлэл хүргэж байгаа нь энэ. Гэтэл иргэд, олон нийтийг мэдээллээр хангахын тулд хэвлэл мэдээллийн зардал гэж жил бүр хотын төсөвт доод тал нь 750 сая төгрөг суулгадаг. Яагаад нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн ажлаа хийхгүй байгаа юм. Ийм хаалттай байж болохгүй. Улсын төсвийг хүртэл төлөвлөх, хэлэлцэх, батлах үе шатуудад Сангийн яам төрөл бүрийн аргаар олон нийтийн оролцоог хангаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг шүү дээ.
Манай байгууллагын хувьд 2023 оноос хойш нийслэлийн төсөвт хяналт тавьж буй бөгөөд “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” кампанит ажлыг өрнүүлж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй, эсэхийг олон талаас нь судалж, иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байгаа. Нийслэлийн өмнөх удирдлагууд Ulaanbaatar.mn сайтынхаа “Шилэн данс” гэсэн цэсэд жил бүрийн төсвийн төсөл болон батлагдсан төсвөө байршуулдаг байсан. Төслийг нь аваад үзье гэхээр гаргаад өгдөг. Харин Х.Нямбаатар даргын үеэс төсөв хэн бүхэнд хаалттай боллоо. Төсвийг анх боловсруулахаас нь эхлээд иргэд, олон нийтээс санал асууж, хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах ёстой. Гэтэл Ulaanbaatar.mn сайтынхаа “Шилэн данс” цэсэд хуулийн хугацаанд мэдээллээ оруулахгүй байгаа нь Шилэн дансны тухай хуулийн 6.5.1-т төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, 6.5.2-т төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах гэсэн заалтыг илт зөрчиж буй хэрэг. Хуулиар хүлээсэн үүрэгтэй, төсөв мөнгөтэй хүмүүс ажлаа хиймээр байна. Мөн иргэд өөрсдийнхөө төлсөн татварын мөнгийг юунд, хэрхэн зарцуулах гэж байгааг анхаардаг, хяналтаа тавьдаг, шаардлагаа хүргүүлдэг байх хэрэгтэй.
-Хот 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлахаар төсөвлөсөн тухай та бүхэн олон нийтэд анх мэдээлэл хүргэсэн. Нийслэлийн 2026 оны төсвийн төслөөс үзэхэд ямар анхаарах асуудал, зөрчил, дутагдал байна вэ?
-Нийслэлийн төсвийг энэ сарын 1-нд ИТХ-д танилцуулж, эхний хэлэлцүүлгийг олны өмнө нээлттэйгээр явуулах байсан ч зарим төлөөлөгч бүлгийн хаалттай хурлаар хэлэлцүүлэх горимын санал гарган, дэмжигдсэн. Ингэснээр хотын төсвийг анх удаа нэг ч хэвлэлгүйгээр хаалттай хэлэлцүүлэхээр болсныг “Ийм ИТХ, төсвийн ийм хэлэлцүүлэг үзсэнгүй” хэмээн зарим төлөөлөгч нь шүүмжилж байна лээ. Үнэхээр байж боломгүй буруу жишиг энэ ИТХ тогтоосонд харамсаж байна.
2026 онд нийслэлийн төсөвт 4.6 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилийн батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн дүн юм. Үүний дийлэнх хэсэг буюу 82.7 хувийг нь татварын орлогоор бүрдүүлнэ гэж тусгасан, энэ төсөвлөлтөөрөө шууд баталчхаж байна. Зөвхөн торгуулийн орлогоос гэхэд ирэх жил 192 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Татвар, торгуулийг өсгөж, ард иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг улам бүр нэмж байна. Тэгвэл ирэх онд нийслэлийн төсвийн зардлыг 5.86 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот 1.2 их наяд буюу улсын төсвийн алдагдалтай ойролцоо төсөв баталлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг нэг их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцүү байхаар баталсан шүү дээ. Гэтэл нийслэл төсвөө 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байхад энэ тухай хэвлэлүүдэд огт мэдээлэхгүй байна.
Нийслэлийн 2026 оны төсөвт олон зөрчил байгааг хотын аудитын газрынхан дүгнэлтээр хүргүүлээд, тэвчиж болох 27.5 тэрбумын зардал байгааг бууруулахыг сануулсан. Тухайлбал, орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ гэх нэршилтэй ч ТЭЗҮ, зураг төсөлгүй 20 тэрбумын төсөл, арга хэмжээ болон тэвчиж болох нэг удаагийн шинжтэй зардлууд нийт 3.5 тэрбум, сургалтын зардалд 700 сая гэх мэтийг төсөв батлахдаа хассан, эсэх нь одоогоор тодорхойгүй л байна. Ганцхан жишээ хэлэхэд, 2026 онд нийслэл “Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү”- нд 332.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ нь ямар учиртай зардал болох тухай тайлбар, мэдээлэл алга. Мөн ирэх жил Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана гэж буй хэрнээ 100 саяын төсөв тавьж, дахиад тус байгууллагын өөрийн орлого нь 1.1 тэрбум төгрөг байна гэх зэргээр толгой эргүүлсэн, ойлгомжгүй төсвийн төлөвлөлт олон бий. Нийт хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг авто замын салбарт буюу дахиад л төлөвлөлтгүй баахан зам, бродюрт зарцуулах нь.
-Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв жил бүр нэмэгдэж буйг танайх онцолсон. Төсөв санхүүжилт нь нэмэгдэж байгаа бол үр дүн гарах ёстой. Улаанбаатар хотод гэмт хэрэг буурч байна уу?
-Харамсалтай нь, үгүй. 2022 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэл дэх салбар зөвлөлийн төсөв 13 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 14.4, 2024 онд 19.4, 2025 онд 54.4 тэрбум болж огцом өссөн. Тэгвэл 2026 оны төсөвт энэ зардал 30 хувиар нэмэгдэж, 70 тэрбум төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2022 онд 24 310, 2023 онд 24 978, өнгөрсөн жил 32 123, энэ оны эхний 11 сарын байдлаар 33 072 байгаа нь төсвийн зарцуулалтын үр нөлөөг дахин нятглах шаардлагатайг харуулж байна. Хамгийн гол нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны багцад жил болгон их хэмжээний санхүүжилт давхар суулгадаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил гэж үнэндээ нийгэм, олон нийтийг хиртхийлгэсэн, айлгаж түгшээсэн, дарамталсан өнгө аяс бүхий контент, нэвтрүүлэг, шторк, постер хийлгэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага, студи, продакшнуудтай их хэмжээний мөнгөн дүнгээр гэрээлдэг. Өөрөөр хэлбэл, энэ зардал гэмт хэргийг бодитоор бууруулах ажил, арга хэмжээнд бус, тодорхой нэг байгууллага, түүний удирдлагын пиар сурталчилгаанд зарцуулагддаг нь нууц биш болсон.
-Нийслэлийн удирдлагуудын пиарт зарцуулагдаж буйг та хэлж байна уу?
-Тэгж хардахаас өөр арга алга. Хаалтын гэрээг хэн хүнгүй л мэддэг болсон шүү дээ. Ирэх жил сайжруулсан түлшний тээвэрлэлтэд 52 тэрбум төгрөг нийслэл төсөвлөжээ. Гэтэл энэ чиглэлийн зардал салбарын сайдын төсөвт тэр чигтээ суусан байдаг. Мөн ирэх жил манайд зохион байгуулах “КОП-17” чуулганы хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад нийслэлээс 954 сая төгрөг төсөвлөсөн байгаа нь мөн л салбарын яамныхтай давхацсан зардал гэж харж байгаа. Түүнчлэн метроны зураг төсөлд ирэх онд дахиад 17 тэрбумыг төсөвлөсөн байх жишээтэй. Мөн нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 44.5 тэрбумыг төсөвлөж, ЗДТГын хэвлэлийн албаны төсөвт 750 сая, төрийн үйлчилгээг шуурхай, тэгш, нээлттэй хүргэх зардал гэж 92 сая төгрөг суулгасан байна. 2024 онд энэ зардалд 52 саяыг төсөвлөж байсан бол энэ онд 40 саяар нэмсэн гэсэн үг. Тэглээ гээд иргэд, татвар төлөгчдөд нийслэлийн төсөв, бодлого, шийдвэрийн мэдээлэл нээлттэй, ил тод, шуурхай хүрч байгаа бил үү. Бас нэг жишээ татахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын арилжааны банкин дахь дансанд 2023-2025 онд нийт 12.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрснийг тус газар өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулсан зөрчлийг Аудитын газрынхан илрүүлж, нийслэлийн орлогод төвлөрүүлэхийг санал зөвлөмжөөр хүргүүлсэн байна лээ.
Хотын дарга Х.Нямбаатар шиг өндөр төсөвтэй мээр урьд хожид байгаагүй. Татвар, торгуулийг нэмэхдээ ИТХ-аараа сэм хэлэлцээд баталчихдаг. Иргэдийг төлөөлнө гэж сонгогдсон хэрнээ олон нийтийн оролцоог огт хангадаггүй, ИТХ-аа “базсан” ийм дураараа Засаг даргад арга хэмжээ авах ямар зохицуулалтууд байдаг вэ? -Үнэхээр нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдье гэвэл Х.Нямбаатарын төсөв багадаагүй шүү. Төсвөөс гадна гадаад, дотоод зах зээлээс бонд босгож, зардлыг огцом өсгөсөн ганц дарга. Тэгсэн хэрнээ хотын түгжрэл хэвээрээ. Утаа нь бахь байдгаараа. Нэг л их 24 мега төсөл ярьсан “тэнгэрийн хүн” болсон. Нийслэлчүүд бидний асуудлыг шийдэх ёстой удирдлагууд нь Яармагт томоохон орд харшид төвхнөж, хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэдээсээ бүрэн тусгаарлагдсан. Өөрсдөөсөө өөр хүнийг сонсохоо байсан. Хол гээд түгжрэлээс нь халгадаг юм уу, төсөв хэлэлцэж байхад нэг ч хэвлэл очдоггүй, мэдээлдэггүй. Өөрсдийнхөө бэлдсэн мэдээллийг л өөд уруугүй түгээлгэдэг. Шүүмжлэл огт хүлээж авахгүй. Ийм л тусдаа дархлагдсан вант улс болсон байна.
Ирэх жилийн төсөвт нийслэл дэх журмын хашааг нэмэгдүүлэх зардал хүртэл суулгасан гээд бод доо. Татвар, торгуулиар иргэдийг залхаан цээрлүүлж буйгаа юман чинээ бодохгүй байна. Ийм “дүлий годил” хотын мээр болон ИТХ-ын дарга нарт арга хэмжээ авхуулж, эрхээ эдлэхийн тулд нийслэлчүүд, татвар төлөгчид Хүний эрхийн үндэсний комисст хандах эрхтэй. Мөн Х.Нямбаатарыг томилсон нийслэлийн ИТХ-д хандан, асуудлыг хөндөх хэрэгтэй. Түүнчлэн ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа бол хотын даргыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад хүсэлтээ уламжлах ч боломжтой. Энэ бүхэн нь хуулийн хүрээнд байгаа боломжит зохицуулалтууд юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж нь ардчилсан улсын иргэд, сонгогчдод хэзээд байдаг. Харамсалтай нь, манайхан хэтэрхий хүлцэнгүй учраас дарга нар даам гараад сурчихсан. Дахиад хэлэхэд, төсөв бол та, бидний төлсөн татварын мөнгө. Тийм учраас төсвөө мэдэж, мөшгөж, хамтдаа хяналт тавьцгаая.
Л.Аргамжин