Утаа уушгилж, уйтгарт саарал тэнгэр дээрээс дарсан Улаанбаатарын стресс бухимдалтай өвлийн эл саруудад үзэгчид цэвэр агаар “амьсгалахаар” театр зорих нь элбэг. Ийм л үед хөгжим, бүжиг, дуурь, жүжиг, уран зураг, кино зэрэг урлагийн бүх л төрлөөр шинэ бүтээл гарч, авьяас билигтнүүд тайз, дэлгэцнээ халгиж цалгидаг билээ. Өнгөрсөн сарын 30-нд “Орфей” театрынхан “Гэм зэм” жүжгээ сүүлчийн удаа тоглов. Шинэ жилийн уур амьсгал орсон арванхоёрдугаар сард нийслэлийнхэн “Цөмөөхэй”-гөөр амьсгална. Үдэш бүр л хаа нэгтээ урлагийнхан үзвэрээ толилуулж байна шүү дээ. Үүний нэг хэсэг болсон “Хөх тойрог” жүжгийг энэ удаад онцолъё. Тус бүтээлийг өнгөрсөн сарын 28, 29-нд Төмөр замын чуулга “Ган зам” паласт тоглосон юм.
Театрын найруулагч олон ч жүжгийн зохиолч цөөн. Уран бүтээлийн агуулга, бүтэц, дүрийн байдлыг тодорхойлж, үйл явдлын өрнөл, диалогийг бичдэг амаргүй ажил учраас тэр биз. Тэрхүү цөөнхийн нэг нь зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгс. Тэрбээр яруу найргийн “Эмгэнэлийн үр хөврөл”, “Чөлөөт шувуу”, “Бүслэлт”, “Тэнцвэр” түүвэр, хүүрнэл зохиолын “Чимээгүй хот”, “Алтан үе”, “Хөх мэдрэхүй” антологи хэвлүүлсэн төдийгүй түүний “Надтай үлдээч” жүжиг УДЭТ-ын тайзнаа үзэгчдэд хүрч байв. Тэр байтугай, “Болор цом-41”-т айргийн тавд багтаж байсан юм. Тэрбээр “Авьяас гэдэг илүү эрхтэн. Хэрхэн ашиглах нь тухайн хүний чадварын асуудал. Тэр эрхтэн үргэлж илүү тээш болж, дарамттай, дараатай байсаар ирсэн. Ухаантай нь зөв ашиглаж, ухаангүй нь бусад эрхтэн шигээ өвдтөл нь хэзээ ч анирдахаа байх эд. Тэр дундаа утга уран зохиолын авьяас үхэн үхтэл дуусаж дундаршгүй баялаг юм. Үгээр наадаж, утгаар цэнгүүлнэ гэдэг тэнгэрлэг зүйл л дээ. Уран бүтээлч хүний хувьд авьяасаасаа болж хэт тэнгэрт хөвөөд, хөрсөн дээр бууж, нийцэж зохицож чадахгүй, нийгэмтэй тэрсэлдэх, түүнээс өөрийгөө тусгаарлах үзэгдэл гардаг.
Гэтэл хүнийг тойроод хүмүүс, нийгэм, хот байна. Энэ бүхэнтэй зохицож амьдрах хэрэгтэй, тэгж чадахгүй бол ёстой л нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарсан нь өлзийтэй дээ” хэмээжээ.
Харин энэ онд төв театраас зохион байгуулсан жүжгийн зохиолын улсын уралдаанд “Тэнгисийн хоёр эрэг”, “Доголон төмөр:Алтан илдийн гэсгээл” жүжгийн зохиолоороо шалгарсан нь уран бүтээлчийн хувьд томоохон амжилт болсон юм. О.Элбэгтөгс өнгөрсөн сард “Миний бие олон жилийн өмнөөс бодож, бүтээхийг зорьж явсан театраа “Гурван сүүдрийн театр” нэртэйгээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ийнхүү анхны уран бүтээлээрээ Балжирын Сүнжидмаагийн зохиол “”Хөх тойрог” экзистенциалист драмыг сонгон, И.Оюун-Эрдэнэ (Дампил) найзыгаа ерөнхий найруулагчаар ажиллахыг урьж, эрхэм дотно хүмүүсийнхээ хүрээлэл, дэмжлэгээр театрынхаа үйл ажиллагааг эхэлж байгааг дуулгахад нэн таатай байна” гэсэн. Тэрбээр жүжгийн зохиол, театрын урлагт сонирхогч биш. Иймээс “Түүний зорьж, хүсэж байгуулсан театрын анхны жүжиг ямар байх бол” хэмээн бодож, өндөр хүлээлт тавьсан билээ.
Тасалбар дээрээ “Хайр оршихоо байсан цагт зүрх зогсдог” гэж бичсэн, экзистенциалист драм тодотголтой эл бүтээлд сайн ч, муу ч шийдэл байлаа. Экзистенциалист драм гэдэг нь агуу ихийн дэмийрэл биш гэдгийг юун түрүүнд онцолж хэлэх нь зөв. XIX-XX зууны заагт Европын соёлын хямралаас үүссэн, Фридрих Ницше, Фёдор Достоевский, ЖанПол Сартр, Альбер Камю тэргүүтнээр овоглох, ёс суртахуун, эрх чөлөө, хариуцлага, дотоод зөрчил, айдас, ганцаардал, хоосролын талаар өгүүлэх тус урсгал их онцлогтой. Тэгэхээр экзистенциалист драм гэдэг нь хүний оршихуй, сонголт, түүнээс хүлээх хариуцлага, ганцаардал, хоосролын тухай эргэцүүллийг тайзан дээрээс хүргэнэ гэсэн санаа юм.
Жүжигт чөлөөт харилцаа бүхий хос гарна. “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа (Л.ЭнхАмгалан) яруу найрагч Д.Галсансүхийн “Аабан бээбэн” шүлгээр хийсэн дууны аянд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амраглаж буйгаар жүжиг эхэлдэг. Жүжгийн хөгжмийн зохиолчоор Амгаа ажилласан юм билээ. Тус бүтээл 60 минут орчим үргэлжлэх богино хэлбэртэй төдийгүй харилцан яриа ихтэй юм.
Даавуу, гэрлийн хөдөлгөөн, ганц нэг хурц өнгө тайзнаа үзэгдсэнээс харвал бэлгэ тэмдэгжсэн, абстракт тайз засалтай аж. Жүжгийн агуулга үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, хосын амьдралын талаар гэхэд тун гайхсан гээч. “Юутай ч үзье” гэж шийдсэн нь ч зөв байсан. Эмэгтэй гол дүр (О.Хулан) жирэмсэн ч ажилгүй, ам бардам, гуя шалдан найз залуутай тул хүүхдээ төрүүлэх хүсэлгүй. Харин эрэгтэй (Б.Чинбат) нь үр хөндөлтийг эсэргүүцсэн, “Ураг бол тусдаа амь, чиний мэдэх хэрэг биш” гэж маргасаар байна. Экзистенциалист гэдэг тодотголыг нь авч хаяад харвал энэ жүжгийн харилцан яриа, нээлттэй төгсгөл нь тун сайн. Гэвч тус урсгалаар авч үзвэл энд ямар ч экзистенциалист агуулга байсангүй гэж хэлнэ. Айл гэрийн “явган” хэрүүл маргаан, зөрчил бол экзистенциализм биш ээ, найруулагч аа. Манай орны соёлоос шалтгаалан ийм төрлийн философи дөнгөн данган хөгжиж яваа. Тиймээс эл жанраар бүтээл туурвина гэдэг анхнаасаа адармаатай ажил. Сэтгэл хөдлөл, улаан гараараа ямар ч судалгаагүй ийм философи руу орвол өөрийгөө үгүйсгэсэн хэрэг болдог. Мөн тэд хэт явцуу, ядмаг сэдэв сонгосон нь энэ удаад буруудлаа. Жүжгийн зохиолоор “амьсгалдаг” хүний мөрөөдлийн театр ийм жүжгээр нээнэ гэж арай ч санасангүй.
“Хөх тойрог” жүжгийн төслийг Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаа санаачилж, “Гурван сүүдрийн театр”-ын нээлтийн үзвэр болгохоор хамтран ажилласан байна. Мөн жүжгийн агуулга, үзэл санаагаар дамжуулан гэр бүл төлөвлөлт, үр хөндөлт хэмээх нийгэмд тулгамдаад буй дээрх сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлэн, түүнээс гарсан санал санаачилгыг цаашдын ажилдаа тусгахыг зорьж байгаа аж. Тэрбээр interview.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Гурван сүүдрийн театр”- ын найруулагч И.Оюун-Эрдэнэ бид хоёр танилууд. Олон жил урлаг, уран бүтээлийн талаар ярьж, нэг нэгэндээ хийх гэж буй ажлынхаа талаар танилцуулж, санал бодлоо солилцож ирсэн хүмүүс. Тэгээд найруулагч, зохиолч Б.Сүнжидмаагийн бичсэн “Хөх тойрог” жүжгийн зохиолыг танилцуулсны дараа яг л миний бусдад хүргэхийг зорьдог зүйлсийг хөндсөн учраас хамтран ажиллахаар болсон. Ер нь анх зохиолоо уншихад нөгөө л хөндүүртэй сэдвүүд, ярихгүй орхичихдог асуудлууд тэр чигээрээ байсан. Өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог асуудлын дүр зургийг жүжгийн зохиолоос дахин олж харсан” гэжээ.
Шуудхан хэлэхэд, тус жүжиг анхны санааныхаа дагуу, үзэгчид өөрсдөө нэгийг тунгаах замаар нээлттэй төгсгөлтэй дуусгасан бол санаачлагч Ж.Нямаа зорьсондоо хүрэх байв. Мөн эл жүжгээ өсвөр насныханд толилуулж, хэлэлцүүлэг хийх нь нээлттэй бөгөөд цаашид ч үр дүнгээ өгөх биз ээ. Гэтэл жүжиг дууссаны дараа тэрбээр үг хэлж, хэлэлцүүлгийн зочдыг танилцуулахад яг л намын хуралд сууж буй мэт мэдрэмж төрсөн билээ. Хэлэлцүүлэгт жүжгийн найруулагч, продюсер, зохиолч, сэтгэл зүйч, цагдаа оролцож, үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар ярьсан юм. Энэ нь хэрэгтэй хүндээ үнэтэй байж болох ч театрын соёл, урлагийн гоо зүйд нийцэхгүй, балмад явдал гэж тэмдэглэх нь зүйтэй. Ер нь театрын урлаг бүтээлийн өгүүлэмж, санаагаа үзэгчдэд тал талаас нь тайлбарлаж, ярьж өгдөг байж болох уу даа.
Жүжгийн зохиолчоор ажилласан Б.Сүнжидмаа өмнө нь “Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг туурвисан нэгэн. Ub.life сайтад өгсөн ярилцлагадаа “Хүний дотоод зөрчил, дүрийн гэмтэл, оршихуйн хямралыг судлахад төвлөрч ажилладаг юм, би” гэжээ. Б.Сүнжидмаа жүжгийн зохиолчоос гадна өөрийн үүсгэн байгуулсан “Монгол гэр” нийгэмлэгээр дамжуулан 2019 оноос эхлэн монгол уран бүтээлчдээ Европын улс орнуудын соёл урлагтай танилцуулж, тэдний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлсээр ирсэн. Ийм бүрэлдэхүүнтэй, “дундаж” жүжиг тайзнаа толилуулсан тэдний цаашдын уран бүтээлийг харах л үлдэж байна даа.
Д.Сэлэнгэ