ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой зөвлөмжүүдийг анх удаа танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус байгууллагаас таргалалтыг архаг өвчин хэмээн тодорхойлж, жин хасах үр дүнтэй эмүүдийг зөвлөснөөр улс орнуудын бодлого, эмийн даатгалын хамрах хүрээ, эмнэл зүйн протоколд чухал нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэв.
“GLP-1 receptor agonists” төрлийн эмүү дээр таргалалтыг эмчлэх түр хугацааны удирдамжийг ДЭМБ боловсруулж, энэ сарын 1-нд нийтэлжээ. Семаглютид, лираглютид, тирзепатид төрлийн эм нь жин хасах энгийн нэг бэлдмэл биш, таргалалтыг эмчилнэ гэж хүлээн зөвшөөрсөн явдал нь илүүдэл жинтэй олон хүнд итгэл найдвар төрүүлсэн байна. Эмийн үр нөлөө батлагдсан, GLP-1 нь таргалалт, чихрийн шижин, зүрх, судасны өвчний эрсдэлийг ч давхар бууруулах үйлчилгээтэй аж. Гэхдээ таргалалттай хүмүүст дан ганц эм хангалтгүй, амьдралын хэв маягаа өөрчилж, хооллолт, хөдөлгөөнөөр жингээ давхар багасгахыг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, насан туршийн эрүүл мэндийн хяналт, зөв дадал зуршил, олон талын арга хэмжээ хэрэгтэйг онцолсон аж. Учир нь хөгжиж буй болон түүнээс бага орлоготой улс орнуудад эмийн хүртээмж, үнэ, тасралтгүй ханган нийлүүлэхэд асуудал тулгарна гэж ДЭМБ анхааруулжээ.
Ташрамд дурдахад, дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй амьдарч буй. Өнгөрсөн онд л гэхэд таргалалтын улмаас 3.7 сая хүн амиа алдсан байна. Шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд таргалалттай хүний тоо хоёр дахин нэмэгдэж, дэлхийн эдийн засагт жилд гурван их наяд ам.долларын алдагдал үүсгэж болзошгүй гэсэн судалгаа гарчээ.
О.Ундрах