“Тас хар огторгуй нойрсон тайваржаад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ” хэмээн радиогоор эгшиглэх
“Орь залуу нас”,
“Аялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад” гэж орцоос орц дамжин дуулагдсан
“Аяны шувууд”, “Баян далайн ус шиг Бялхам сэтгэлт аав минь”
гэх мөртөөр олны сэтгэлд хадаатай “Аавдаа”-г дуулаагүй, түүгээр “амьсгалаагүй” хүн байхгүй биз. 56 жилийн түүхтэй, монголчуудын сэтгэлийн хөг эгшгийн бэлгэ тэмдэг “Баянмонгол” чуулгаас жил бүрийн өвлийн эхэн сард үзэгчдэд хүргэдэг “City swing” концерт өнгөрсөн баасан гарагт боллоо. Төмөр мэт хахирган өвлийн өдрүүд эрчээ аваагүй үе буюу арваннэгдүгээр сард үргэлж л цас зөөлөн малгайлж, биднийг урин хүлээх тунамал сайхан үдэш олон байдаг билээ. Яг ийм шөнө Улсын филармонийн танхим дахь үзэгчид жазз урсгалын сонгомол бүтээлүүдээр “амьсгалсан” юм. Тоглолтын дундуур эргэн тойрноо ажвал хүн бүрийн хөл хөгжмийн хэмнэлийг даган дохиж, хуруугаараа сандлын түшлэгээ ялимгүй товших нь харагдана.
2013 оноос хойш үзэгчдэд хүрч буй тус концертын автор Төрийн шагналт “Баянмонгол”-ынхон энэ удаад хэний, ямар бүтээл тоглуулах нь анхнаасаа сонирхол их татсан. 1972 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын симфони найрал хөгжим, радиогийн дэргэдэх “Баянмонгол” чуулга, хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын “СоёлЭрдэнэ” хамтлаг болон бусад дуучныг нэгтгэн “Улсын филармони”-ийг байгуулснаар Монгол Улсад анхны “Big band” буюу “Жазз найрал хөгжим” үүссэн билээ. “Баянмонгол” анх Монголын радиогийн харьяа “Дагшаа” хөгжмийн хамтлаг байсан гэдэг. Харин 2021 оны тоглолтоо эл нэрээ оролцуулан “Ганган дагшаа” хэмээн нэрлэснийг санаж байна. Ингээд энэ удаагийн “City swing” тоглолтын онцлог, сонин, сайхныг хүргэе
Японы зохиолч, найруулагч Шиничиро Ватанабегийн “Cowboy bebop” анимэ цувралын нээлтийн ая болох “Tank”-ийг ялангуяа өсвөр насныхан их сайн мэдэх биз. Жазз панк, биг бэнд стилийн тус хөгжмийн зохиомж нь анимэ ертөнц төдийгүй олон улсын жазз сонсогчдын дунд сонгодог бүтээл болсон юм. Тус тоглолт энэхүү хөгжмөөр нээж, О.Одбаяр хөтлөн, үзэгчдэд жазз хөгжмийн талаар сонирхолтой мэдээлэл өгч ажилласныг дурдах нь зүй. Ийм тоглолтыг хөтлөх хүмүүс харьцангуй чөлөөтэй, тайзнаа гарч сурсан хүн байвал тэр хэрээрээ хамтлаг, үзэгчдийн дундах хаалтыг арилгаж, тухтай, эрчтэй, дулаан уур амьсгал үүсгэдэг билээ. О.Одбаяр энэ үүргээ сайн гүйцэтгэв. Үүний дараа “Lemons” хамтлагийн дуучин Одноо (Ц.Одбаяр) “City swing” концертод “Сүүлийн уянга”, “Цэнхэр нүд” дуугаа дуулсан. Энэхүү тоглолтод цөөнгүй дуучин багтсаныг тус бүрд нь тайлбарлах нь илүү оновчтой болов уу.
“Voice of Mongolia” шоуны оролцогч Б.Одмандах алдарт Элла Фицджералд, Луис Армстронг нарын дуулснаар дэлхий дахинаа танил “Summertime” дууг жазз найрал хөгжмийн хамт дуулсан. Ийм хэцүү дууг тэрбээр тун чамбай дууллаа гэж үзэгчийн зүгээс дүгнэлээ. “Баянмонгол” өөрийн брэнд тоглолтдоо ардын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийн тун, эн тэнцүүг тааруулан найруулсныг онцлох нь зөв. Тиймээс энд эгшиглэсэн хөгжим бүрийг нэгд нэгэнгүй тоочих нь зохисгүй билээ. Харин тэд дуу алдмаар гайхалтай нэгээхэн бүтээл тоглосныг зайлшгүй онцлох ёстой. Тэр бол “Phil Collins” биг бэндийн жазз панк, эрчтэй хүчтэй, төгс ритм бүхий “Pick up the pieces”. Уян хатан хэмнэл, нүсэр бүрэлдэхүүн, динамик хөдөлгөөн гэх үгс л толгойд буумаар. Хэрвээ Филармонийн танхим голдоо үзэгчдэд зориулсан тайзтай байсан бол гарч бүжиглэмээр тийм л “тасархай” бүтээл тэд сонгожээ, браво. Ялангуяа соло гитарчин Б.Үйтүмэнгийн тоглохыг хараад “Хаана байсан эрдэнэ вэ” гэж дуу алдмаар юм гээч. Ларри Карлтон, Жорж Бенсон нараас ч дутуугүй, жинхэнэ мэргэжлийн жазз хөгжимчин “Баянмонгол”-д байна. “City swing”-ийн гоцлооч, саксофончин А.Отгонбаатар, бөмбөрчин Т.Оюунбат нарыг ч энд онцлох хэрэгтэй. Заримдаа хөгжмийн бүтээлд урьдчилан төлөвлөөгүй, тухайн агшинд хөгжимчний мэдрэмж, сэтгэл хөдлөл, техник ур чадварыг ашиглан шинэ аялгуу, дахин давтагдашгүй соло, хэмнэл бүтээх нь бий. Гэхдээ үүнийг дурын нэгэн хийх боломжгүй бөгөөд олон жилийн туршлага, тогтсон “форм”-той мэргэжлийн хөгжимчид л чадна. Тоглолтод жазз найрал хөгжмийн бүрэлдэхүүнээс хэд хэдэн удаа ийм “гэнэтийн бэлэг” барьсан. “Баянмонгол” чуулгын удирдаач С.Саруул-Од хөгжимчдөө дэндүү сайн мэддэг, тэднийг урамшуулж, тоглолтоо амь халуун авч явах харизматай хүн аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бидний хувьд сонгодог жазз чиглэлээр тоглодог. Энэ нь Монголын сонсогчдод арай илүү ойр. Цаашид Монголын жазз хөгжмийн чиглэл шат шатаар ахиж дэлхийн түвшинд очно гэдэгт итгэлтэй байна” хэмээж байж.
Жазз хөгжмийн биг бэнд оркестрын стандарт нь саксафон, тромбон, труба хөгжмийн хэсэг болон ритм хэмнэлийн хэсгээс бүрддэг. 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвих “Баянмонгол” Африк-Америкийн соёлын хөрснөө бүрэлдэн бий болсон, импровизаци, хэмнэл дээр тулгуурласан хамгийн амьд, чөлөөт хөгжмийн урсгалаар монголдоо ийнхүү тоглож байна. Дуучин О.Энх-Эрдэнэ “Цэнгэлтэй үдэш”, Наагий (Н.Наранбаатар) “Мандах нар” бүтээлийг тун чадварлаг дууллаа.
Ийм нэгэн өвлийн үдэш “City swing”-ийн тайзнаас жаззын амь халуун уур амьсгал үзэгч бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлэв. “Баянмонгол” чуулга жил бүр өөр өөр өнгө бүхий бүтээлээр үзэгчдийг урин дууддаг шигээ энэ удаа ч тийм байлаа. Тайзны гэрэл аажмаар бүдгэрэхэд гарч буй алга ташилтын дуу бүхнийг хэлж өгсөн билээ л.
Д.СЭЛЭНГЭ