“Урлаг” булангаараа энэ удаа олон төрлийн урлаг, уран бүтээлд нөлөөлсөн, онцгой бүтээлүүдээс танилцуулъя.
БАЯЛАГ ТҮҮХ, БААХАН “ДАГУУЛ”-ТАЙ БҮТЭЭЛ
220 гаруй жилийн тэртээх нэгэн уран зураг хэрхэн нөлөөлөгч болсон түүх тун сонирхолтой. Энэ бол Францын зураач Жак-Луи Давидын “Хатагтай Рекамьегийн хөрөг”. Тэрбээр XIX зууны эхэн үеийн Францын шинэ эзэнт гүрний үед гарсан Директорын хэв маягт нийцүүлэн Парисын дээдсийн хүрээлэнд алдартай хоёр эмэгтэйн хөрөг бүтээсний нэг нь энэ юм. 1800 онд “төрж”, Луврын музейн Денон галерейд залагдсан эл зураг 1990 онд “алдагдсан” түүхтэй. Тодруулбал, тухайн үед суут зураач, барималч Пьер Огюст Ренуар (1841-1919)-ын “Сууж буй эмэгтэйн хөрөг” хулгайд өртсөн ч зарим хэвлэлд “Хатагтай Рекамьегийн хөрөг” хэмээн ташаа мэдээлсэн аж.

Директор үеийн хэв маяг (1795-1799) гэдэг нь Францын хувьсгал болон эзэнт гүрэн байгуулагдах хооронд болсон үймээн самуун, тодорхойгүй хүлээлтийн үед хамаардаг бөгөөд үүнийг неоклассицизмын нэг хэлбэр гэж үздэг. Тухайн үеийн интерьерт ихэвчлэн цагаан, саарал, алтан судал бүхий цайвар өнгө зонхилж, эмэгтэйчүүд эртний хэв маягтай даашинз, үс засалтыг таашаах болжээ. Директорын хамгийн гол бүтээлүүдийн нэгд тооцогддог “Хатагтай Рекамьегийн хөрөг”-төө зураач энэ хэв маягийг тусгасан.
Зургийн гол баатар Жульетт Рекамье бол зохиолч, Парисын оюуны төв болсон утга зохиол уншлагын алдарт салон (клуб, бүлгэм)-ы эзэн, хөтлөгч, улс төр, урлагийн олон алдартныг үзэл санаагаар нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бүсгүй бөгөөд Европт тэр дундаа Англи, Герман, Орос, Италид нэр нь түгсэн шүтээн байжээ. Ер бусын үзэсгэлэнтэй Жюльетт Бернар хэмээх охин өөрөөсөө 26 насаар ахимаг, банкны эзэн Жак Рекамьетай гэрлэхдээ 16 ч хүрээгүй байлаа. Нөхөр нь түүнийг Парисын тансаг хүрээлэлд оруулж, Монблан гудамжинд байрлах хааны сангийн сайд асан Неккерийн харшийг худалдаж авч бэлэглэсэн гэдэг. Тэдний хүрээллийнхний дурссанаар, банкны эзэн залуу эхнэртээ эцгийн сэтгэлээр ханддаг байсан бөгөөд нэр хүнд, бизнесийн холбоогоо бэхжүүлэхэд бүсгүй нэрийн хуудас нь байжээ.

Ийм нэгэн бүсгүй өөрийн хөргийг бүтээлгэхээр алдарт Жак-Луи Давидад хандав. Ажиллах нөхцөлөө байнга голж, өрөөний гэрэлтүүлэг бүдэг, гэрэл хэт холоос ёлтойж байгаад сэтгэл дундуур байсан зураач нэлээд хугацаанд зургаа дуусгаагүй учир 23 настай хатагтайн тэсвэр барагдан эл ажлыг гүйцэтгэж өгөхийг Давидын шавь Франсуа Жерардаас хүсэв. Үүнийг мэдсэн зураач уурлаж, шавьдаа “Чи энэ бүсгүйн саналыг хүлээж ав” хэмээн зөвлөжээ. Гэхдээ Ф.Жерард багшийнхаа бүтээлд гар хүрэхээс татгалзсан уу, ямартай ч ЖакЛуи Давидын зурсан хөрөг тэр чигтээ музейн сан хөмрөгт үлдсэн. Эл бүтээлийг Луврын музейд санал болгосон хүн нь мөн л Жульетт Рекамье. Тэрбээр энэ тухайгаа зураачид хэлэхэд “Эмэгтэйчүүд өөрийн гэсэн хүсэл, шаардлагатай. Уран бүтээлчид ч ялгаагүй хүсэл, шаардлагатай. Би өөрийн хүслийг биелүүлэхийг зөвшөөрөх үү, таны хөргийг одоо байгаа энэ янзаар нь үлдээнэ” гэжээ. Зургийг тэр үед бүрэн дуусгаагүй буюу арын дэвсгэр хэсэгт зарим нарийн ширийн зүйл дутуу орхисондоо зураач харамссан ч эцэстээ ийнхүү шийдсэн байна.
Залуу бүсгүйгээс шалтгаалсан гэнэтийн явдлаас болж хэдийгээр дутуу гүйцэтгэсэн ч хөрөг төгс болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг бөгөөд энэ нь Давидын ур чадварын илэрхийлэл. Буйдан дээр цээж хэсгээ бага зэрэг эргүүлэн суусан, цагаан даашинзтай хөл нүцгэн бүсгүйг дүрслэхдээ зураач эртний Ромын хэв шинжийг шингээжээ. Түүнчлэн толгойдоо зүүсэн туузных нь доогуур буржгар үснүүд цухайсан нь Османы султаны ордны эмэгтэйчүүдийг санагдуулам аж.
Энэхүү бүтээлээс үүдэлтэй “моод” дүрслэх урлаг, хувцас, ахуйн хэрэгсэл, интерьер, тавилга гээд олон салбарт дэлгэрчээ. Тодруулбал, онцгой түүхтэй бүтээл. Давидын хөрөгт дүрслэгдсэн буйданг Францын тавилгын мастер Жорж Жакоб урласан бөгөөд тэрбээр хааны ордонд, ялангуяа 1774 оноос хатан хаан Мари Антуанеттагийн захиалгаар ханган нийлүүлэгчээр ажиллаж, гайхамшигтай олон бүтээл хийсэн нь өдгөө Лувр зэрэг том музей, галерейд хадгалагдаж буй. Хатагтайн хөрөгт мөнхөрсөн буйдан урлаачийнхаа нэрээр бус, Рекамье хэмээх “овогтой” болсон. Ж.Жакоб ч ийнхүү нэрлэхийг зөвшөөрсөн аж. Давидын “Хатагтай Рекамьегийн хөрөг”- өөс хойш ийм төрлийн тавилга Францын уран бүтээлчдийн студи болон Парисын том салонуудын гол “гангараа” болсон түүхтэй. Үүнээс хойш мастер Ж.Жакоб хатагтай Рекамьегийн захиалгаар олон бүтээл хийсэн бөгөөд бүсгүйн таашаал, сонголт эцэстээ Парисын шинэ хэв маягийн бэлгэдэл болов. “Рекамье хэв маяг” гэсэн чиг урсгал ч бий болжээ.
1800 оны эл хөргийг 1955 онд Бельгийн сюрреалист зураач Рене Магритт (1898- 1967. ХХ зууны урлагт онцгой нөлөө үзүүлсэн) хуулбарлан зурж “Ирээдүйн төлөв: Хатагтай Рекамье де Давид” хэмээн нэрлэсэн. Ингэхдээ гол дүрслэл болох бүсгүйг авсаар сольсон байдаг. Өөр нэг сонирхолтой баримт гэвэл 1802 онд хатагтай Рекамьегийн хөргийг Жак-Луис Давидын нөгөөх шавь Ф.Жерард бүтээжээ. Ингэхдээ Ж.Жакобын урласантай төстэй түшлэгтэй сандал дээр бүсгүйг суулган дүрсэлсэн. Эл хөрөг Парисын Карнавалет түүхийн музейд хадгалагдаж байна. Зураач Жак-Луис Давидын хувьд 1810 онд бүсгүйн хөргийг дахин зурахдаа нүцгэн дүрсэлсэн нь “Магадгүй анхны зургаа дуусгаж чадаагүйн төлөөх өшөө авалт” хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Хатагтай Рекамьегийн дүр төрхийг Франц, Европын алдартай олон уран бүтээлч уран зураг, сийлбэр, барималд мөнхлөн үлдээжээ.
Ийм өргөн дэлгэр түүхтэй зургийн эзэн бүсгүйн хувьд Наполеон Бонапартын Засгийн газрын шинэ бодлогыг ил тод шүүмжилдэг байсныхаа төлөө Парисаас хөөгдсөн. Цагдаа нар түүний салоныг хэдэнтээ хааж байв. Эзэн хаан түүнийг ордондоо урьж, өөрийн үйл хэрэгт татан оролцуулахыг хүссэн ч хоёр удаа татгалзсан хариу авчээ. Алдарт Жак-Луи Давидын бүтээсэн бүсгүйн хөргийн тухай Парис даяар шагшихад Бонапарт ихэд тавгүйрхэн уурласан гэдэг. Хатагтай Рекамье Парисаас хөөгдөж, 1813 онд Италийг зорив. Тэрбээр Ромд ч олны хүндлэлийг хүртэж, алдаршсан бөгөөд Антонио Канова (1757-1822. Италийн уран барималч, неоклассик үеийн Европын уран баримлын чухал төлөөлөгч. Бүтээлүүд нь Лувр, Эрмитажид хадгалагддаг) гантигаар хоёр цээж баримал бүтээжээ. Наполеон хаан ширээнээс буусны дараа хатагтай Парист эргэн ирсэн бөгөөд 1849 онд 71 насандаа тэнгэрт хальжээ. Хүн төрөлхтөний соёлын өв болсон алдарт музейнүүдэд хөрөг нь заларсан энэ бүсгүйн тухай уран сайхны гурван ч кино бий.
ГАЗАРТ “БУУСАН” САР

Грек гаралтай, Оросын алдарт зураач Архип Иванович Куинжи (1842-1910. Байгалийн дүрслэлээрээ гарамгай, агуу шинэчлэл болон эсрэг шинэчлэлийн үеийн зураач, багш, нийгмийн зүтгэлтэн)-ийг тэнгэрийн сарыг дэлхийд “газардуулсан” увидастай хэмээн судлаач, шүүмжлэгч, уран зурагт дурлагсад биширдэг. Өдгөө Санкт-Петербургийн Оросын музей (Русский музей)-д хадгалагдаж буй “Днеприйн сартай шөнө” бүтээл нь түүний нэрийн хуудас. Сарны тусгалд ногоорон униартах гол тэнгэрийн хаяатай нийлсэн тэгш талыг гатлан, намуухан урссаар түнэр харанхуйд уусан алсрахыг уг бүтээлээс тольдохын зэрэгцээ уран зургийн дүрслэл, гэрэл, сүүдрийн зохицлын гайхамшгийг мэдэрнэ, яг л бодит мэт. Энэ бол хэн нэгэн мэргэжилтний дүгнэлт биш, зургийг үзсэн хүн бүхний мэдрэмжийн илэрхийлэл. Сонирхолтой нь, зураач бүтээлээ хараахан дуусаагүй байхад л Санкт-Петербург даяар шуугиж эхэлжээ. Куинжи ням гараг бүр тодорхой цагт урлангаа олон нийтэд танилцуулж, шинэ бүтээлүүдээ Уран бүтээлчдийг дэмжих нийгэмлэгийн танхимд дэлгэдэг учраас зургийн хорхойтнуудын хөл тасрахгүй. Энэ дагуу “Днеприйн сартай шөнө”-ийг ч урландаа үзүүлсэн аж. Зураач энэхүү онцгой бүтээлээ дотны найз зохиолч И.Тургенев, химич Д.Менделеев, найрагч Я.Полонский, зураач И.Крамской, П.Чистяков нарт толилуулсан байдаг.
И.Тургенев уг зургийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр нэгэн үдэшлэгийн үеэр ийм нэг шинэ бүтээл төрж байгаа талаар яруу сайхнаар ярихыг сонссон их гүн Константин Константинович Романов (Их гүн Константин Николаевичийн хоёр дахь хүү, I Николас хааны ач хүү) тэнгисийн цэргийн офицерын дүрээр Куинжийн урланд очжээ. Зураач түүнийг таньсангүй. Урланд нь ирсэн зочин шинэ бүтээлийг худалдаж авах санал тавьж, үнийг нь асуухад Куинжи “5000 рубль” хэмээн мушилзаад “Танд ийм хэмжээний мөнгө байхгүй” гэж хэлсэн гэдэг. Ингэж “Днеприйн сартай шөнө” уран зураг албан ёсоор танилцуулах үзэсгэлэнгийн нээлтээс өмнө зарагдсан түүхтэй.
Куинжи шинэ зургаа танилцуулах галерейн танхимыг зориуд гэрэлтүүлэггүй байхаар зохион байгуулж, цонхны хөшгийг хаахыг хүсэхэд хүмүүс амьсгал даран хүлээж байв. Үүний дараа зөвхөн зураг дээрээс тод нарийхан гэрэл тусгахад өнгө будгийн нарийн зохицол улам тодорч, сар мэлсхийж яг л танхим дотор байгаа мэт гялбасан талаар баримтуудад тэмдэглэжээ. Бүр “Сарны туяа нүд гялбуулсан” хэмээсэн байна. Танхимд цугласан хүмүүс нүдэндээ ч итгэхгүй, зарим нь уран зургийн ард дэнлүү байгаа, эсэхийг шалгасан бол нэг нь “Куинжи фосфор ашигласан” гэж хардав. Гэвч үнэндээ сарны гэрлийн нууц нь өнгөний сонголт болон будгийн гүн тодосголд (газрын тосны бүтээгдэхүүнд суурилсан битум будгийн нөлөө) оршино.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд Большая морская гудамж машин, тэргээр дүүрч, ер бусын бүтээлийг үзэхээр хүмүүс хэдэн цагаар урт дараалалд зогсож, хот тэр аяараа газарт “буусан” сарны талаар шуугиж байлаа. Нөгөөтээгүүр, зураачийн бие даасан, ялангуяа ганц зургаас бүрдсэн үзэсгэлэн Оросын түүхэнд анхных байв. Энэ тухай сонин, сэтгүүлүүд өдөр алгасахгүй мэдээлж, бүтээлийн зургийг нийтэлж байлаа. Яруу найрагч Я.Полонский “Энэ юу вэ? Зураг уу, бодит байдал уу? Бид энэ сарыг, үүлийг, түнэр алсыг, Днепрт туссан сарны мөнгөлөг тусгалыг, ийм яруу тансаг найраглалыг, нам гүм, сүрлэг шөнийг харсан бил үү” гэж бичжээ. Тэгвэл зургийг ажиглан гүн бодолд дарагдан зогсох үзэгчдийг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн И.Е.Репин нулимсаа нуугаагүй гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Зураачийн яруу найраг, сэтгэл татам байдал нь хүмүүст маш хүчтэй нөлөөлсөн. Тэд гайхамшигт мэдрэмжүүдээр хөглөгдөн, уран зургийн урлагийн тэнгэрлэг жаргалыг амталсан” хэмээжээ. Яруу найрагч К.Фофанов Куинжийн зурагт зориулан “Днеприйн шөнө” шүлэг бичсэн бөгөөд хожим нь дуу болсон түүхтэй.
Ташрамд өгүүлэхэд, газарт “буусан” сарны зургийн эзэн болсон ханхүү бүтээлийг дэлхийг тойрон аялахдаа ч тээшнээсээ салгадаггүй байсан гэдэг. Гэвч далайн чийглэг орчны нөлөөгөөр өнгө нь бараантаж, сарны гэрэл бүдгэрчээ. Аз болоход Куинжи “Днеприйн сартай шөнө” өө дахин хоёр хувилбараар бүтээсэн байжээ. Үүний нэг нь Санкт-Петербургийн Русский музейд, нөгөөх нь Ялта дахь Ливадия ордонд хадгалагдаж байна. Харин аян замд “алжааж, чилээрхсэн” бүтээл Москвагийн Третьяков галерейд бий.
Ж.Эрдэнэ