- Нөхөн үржихүйн тусламжийн 90 хувийг гүйцэтгэх боломжтой
Эх баригчийг бие даасан тусламж, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн гэж олон улсад тодорхойлдог. Тиймдээ ч эл тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж чадвал эхийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс 60 хувь сэргийлэх боломжтой гэж үздэг юм. Харин манай улсад төрөлтийн ердөө 3.3 хувийг эх баригчид бие даан удирдаж, жирэмсний хяналтын 17 хувьд л тусламж үзүүлж байгааг өнгөрсөн сард Эрүүл мэндийн яаманд болсон “Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлгийн үеэр онцолсныг энд дурдъя.
Олон улсад хийсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад эх баригчийг сайн сургаж, хөгжүүлж, тусламж, үйлчилгээнд нь дэмжлэг үзүүлж чадвал нөхөн үржихүйн тусламжийн 90 хувийг бие даан гүйцэтгэх боломжтой гэнэ.
Эх баригч нь эх, хүүхдийн тусламжийн гол мэргэжилтэн. Иймд эл тусламжийг сайн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад зөвлөж байв. Өөрөөр хэлбэл, эх барьчигчдын ур чадварыг сайжруулж, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, бүрэн “дайчилбал”, эх, нярайн тусламж, үйлчилгээ илт сайжирч, эхийн эндэгдэл, амьгүй төрөлт буурахыг олон улсад ч хэдийн олж мэдээд хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэвийн төрөлтийг эх баригч бие даан удирдаж, тусламж, үйлчилгээг багаар үзүүлдэг байна. Манай улс Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/216 дугаар тушаалаар Эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд эх баригчид хэвийн төрөлтийг эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн удирдлага дор гүйцэтгэх зохицуулалттай. Цаашид эх баригчийн гардан хийх тусламж, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх талаар салбарын мэргэжилтнүүд найман жилийн өмнө санал нэгдэж байж. Гэвч өдгөө бахь байдгаараа. Эх баригчдыг чадавхжуулах ажил анхаарлын гадна үлдсэн хэвээр.
АЖЛЫН АЧААЛАЛ ШИНЭ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ “ҮРГЭЭЖ” БАЙНА

Манай улсад 1169 эх баригч бий бөгөөд тэдний 701 нь орон нутагт, 468 нь нийслэлд ажиллаж байна. Өнгөрсөн жил эл мэргэжлээр 59 хүн төгссөн бол энэ онд 149 эх баригч шинээр бэлтгэгджээ. “Хүрээ” амаржих газарт 10 дахь жилдээ ажиллаж буй эх баригч М.Гүнжидмаагаас эх барих тусламжийг бие даан үзүүлдэг, эсэх талаар тодруулсан юм. Тэрбээр “Би 2013 онд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг төгсөөд 2015 оноос “Хүрээ” амаржих газарт ажиллаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд өвдөлтөө хэрхэн удирдах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ургийн зүрхний бичлэгээс эхлээд шаардлагатай тохиолдолд тариа хийх зэргээр хүүхэд төрөх хүртэлх үйл явцыг хянаж, эх баригч, эмэгтэйчүүдийн эмчийн удирдлага дор амаржуулах нь эх баригчийн үүрэг. Манай эмнэлэгт ачаалал ихтэй үед хоногт 10, заримдаа 2-3 эмэгтэй төрдөг. Анх ажилд орж байсан үеийнхтэй харьцуулахад ачаалал багассан ч хүний нөөц дутмаг. Хавар болон өвлийн эхэн саруудад төрөлт нэлээд ихэсдэг. Эмгэг биш, хэвийн төрөлтийг эх баригч өөрөө төрүүлж болно гэж үздэг ч амьдралд төдийлөн хэрэгжүүлдэггүй. Миний хувьд хэвийн жирэмслэлтийг эх баригч гардан төрүүлэхийг дэмжиж байгаа. Ялангуяа олон жил ажилласан туршлагатай эх баригчдад энэ нь боломжтой. Дараа дараагийн үедээ зааж, сургачих юм бол төрөлтийг бие даан удирдаж, тусламж, үйлчилгээг өргөжүүлж болно. Эмч хагалгаанд орсон тохиолдолд яаралтай тусламж шаардлагатай эхчүүдийг төрүүлдэг. Одоогийн дүрэм журмаар бол эмчийн удирдлагад эх баригч төрүүлнэ гэсэн заалт бий. Бие даан амаржуулж болно гэсэн стандарт, эрх зүйн орчин бүрдээгүй” гэв. Мөн тэрбээр ажлын ачааллын улмаас шинэ төгсөгчид эх баригчаар ажиллах нь ховор болсныг дуулгав. Эмнэлэгт нь шинэ төгсөгч бараг ирддэггүй, ирсэн ч 3-6 сар ажиллаад л гарчихдаг гэнэ. “Ковид-19” цар тахлаас хойш мэргэжилтний хомсдол үүссэн учир амсхийх завгүй ажиллах болжээ. Энэ тухайд тэрбээр “Өнөөдөр жижүүрээс буугаад л маргааш нь ажилтай. Залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх цаг хомс. Ядаж 48 цаг амраад нэг өдөр гардаг бол мэргэжлийн ур чадвараа ахиулах боломжтой. Шинэ төгсөгчид мэргэжлээрээ ажиллаасай. Бусдад аз жаргал бэлэглэдэг сайхан ажил шүү дээ” гэв.
М.Гүнжидмаа ахлах зэрэгтэй эх баригч хэдий ч үндсэн цалин нь 1.4 сая төгрөг гэнэ. Цалин, хангамж дулимаг, ачаалал ихтэй ч эх, хүүхдийг эсэн мэнд хоёр яс салгаж, энэ хорвоод нэгэн шинэ иргэнийг тосож авах гайхалтай мөчийг юутай ч зүйрлэшгүй гэв. Эх баригчид төрөхийн өмнөх, төрөх, төрөхийн дараа, амбулаторийн тусламж, үйлчилгээнд гээд нэг, нэг жилээр ээлжилж ажилладаг юм байна. Тэрбээр, 2019, 2024 онд төрөх тасагт ажиллах хугацаандаа нийт 500 орчим хүүхэд эх барьж авсан гэнэ лээ. Анх хүүхэд тосож авахдаа алдчих вий гэж айдаг байсан бол өдгөө эх, хүүхдийг хүндрэлгүй, бүтэлтгүй, эрүүл саруул төрүүлэхийг хичээдэг болжээ. Сүүлийн үед тав, зургаан кг жинтэй хүүхэд мэндлэх болсон нь эхийн эрүүл мэндтэй холбоотойг тэрбээр сануулсан. Ялангуяа чихрийн шижинтэй болон жирэмсний хугацаандаа буруу хоолловол хүүхдийн жин нэмэгддэг аж. Жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдийнхээ болон өөрийн жинг хэт их нэмэхгүй байхад анхаарах, төрөхдөө бэлдэж, сургалтад хамрагдах, олон цаг өвдөнө гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг тэрбээр зөвлөсөн юм.
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ЕСӨН САРД 15 ЭХ ЭНДЖЭЭ

Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулж буй ч анхаарах шаардлагатай асуудал байсаар. Өнгөрсөн онд 13 эх эндсэн нь хамгийн бага түвшин байсныг Эрүүл мэндийн яамныхан хэлсэн. Гэвч нэг ч эх төрөхийн улмаас амиа алдах ёсгүй. Харамсалтай нь, энэ оны эхний есөн сарын байдлаар 15 эх эндсэн байна. Үүний найман нь 35-аас дээш насных байж. Долоон эмэгтэй нь жирэмсний хяналтад ороогүй, гурав нь бүрэн бус хамрагдсан, мөн гурав нь жирэмсэн, эсэхээ мэдээгүй, нэг нь умайн гадуурх жирэмслэлт аж. Энэ нь жирэмсний хяналтын чанар сул байгааг харуулж буй хэмээн ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баттулга хэлэв. Тэрбээр “Эх, нярайн тусламж, үйлчилгээний салбарт анхаарал хандуулах хоёр асуудал нь эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл юм.
Дэлхий дахинд 2030 он гэхэд эхийн эндэгдлийн харьцааг 70 просантимил ба түүнээс доош болгож бууруулах зорилт тавьсан. Монгол Улс уг зорилтод хүрсэн боловч 2050 он гэхэд эхийн эндэгдлийн харьцааг өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэж бууруулахаар ажиллаж байгаа. Мөн энэ оны эхний есөн сарын байдлаар 40 425 эх амаржжээ. Сүүлийн 3-4 жилд төрөлт буурч байна. Иймд жирэмсний хяналтын чанар, нөхөн үржихүйн үйл ажиллагааны хүртээмж, гэр бүл төлөвлөлт ямар түвшинд байгааг анхаарах, үүнд эх баригчдыг татан оролцуулах хэрэгтэй” гэв. Энэ тухайд мөн НҮБ-ын Хүн амын сангийн шинжээч Б.Цэндмаа “ДЭМБ, НҮБ-аас эх баригчийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Эх баригчийн тусламж, үйлчилгээг хэсэгчилсэн байдалтай үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, жирэмсний хяналт, төрөлт, төрсний дараах тусламж, гэр бүл төлөвлөлтийг өөр өөр газарт үзүүлж байгаа нь эрүүл мэндийн цогц тусламж болж чаддаггүй” гэв. Эдгээр бүх тусламж, үйлчилгээг эх баригч нэг дор бие даан үзүүлэх боломжтойг тэрбээр онцолсон.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ онд “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ыг баталсан билээ. Үүний хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 30 хүртэл хувьд эх баригч мэргэжилтний төлөөллийг оруулна, энэ чиглэлээрх сургалтын чанарын үнэлгээ, бие даан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулна, эх баригч төвтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар тасгуудыг шинээр байгуулна, гадаад солилцооны хөтөлбөрт эх баригчдыг хамруулна гэх зэрэг олон ажил тусгажээ. Тэр дундаа эх баригч төвтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн төв манай улсад зайлшгүй шаардлагатайг мэргэжилтнүүд хэлсэн. Япон Улс эх баригчдын тусламж, үйлчилгээг дэмжиж ажилладгаараа үлгэр дуурайл болдог. Тухайлбал, тус улсад эх баригч нар жирэмслэлтээс төрсний дараах хүртэл бүх үйл явцыг удирддаг, эмчтэй дүйцэх чухал үүрэг хүлээдэг байна. Эхийн сэтгэл зүй, нярайн асаргаанд хамгийн чухал нөлөөтэй. Мөн эх баригчийн бие даасан төв ажиллуулах боломжтой байхаар эрх зүйн орчноо бүрдүүлжээ. Манай улс сүүлийн гурван жил тус улсын эл туршлагаас суралцаж, судалж буй. Цаашид эх баригчдыг эмчийн “сүүдэр” мэтээр харахгүй, бие даан ажиллах нөхцөлөөр хангана гэж найдъя.