Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн (МҮОНРТ) үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөрт албадан суулгаж буй зохицуулалт нь хүмүүсийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна гэж иргэн М.Орхон үзэж, үүнийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ. Цахилгаан бол зайлшгүй хэрэглэх үйлчилгээ бөгөөд үүнийг олон нийтийн мэдээллийн байгууллагын санхүүжилттэй холбох нь шударга бус, хууль ёсны үндэслэлгүй гэж тэрбээр үзэж байна. Түүний санаачилсан өргөдөлд “Иргэдийн цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн үйлчилгээний хураамжийг нэмж суулган авч буй шийдвэр нь олон нийтийн оролцоогүйгээр, ил тод бус хэлбэрээр хэрэгжиж ирсэн. Иргэн бүрийг тухайн үйлчилгээг ашигладаг, эсэхээс үл хамааран төлбөр төлөхийг албадаж байгаа нь шударга бус юм. МҮОНРТ нь төрийн өмчит, олон нийтийн шинжтэй байгууллага тул түүний санхүүжилтийг ил тод, сайн дурын, эсвэл төсвийн тодорхой зохицуулалтаар хэрэгжүүлэх ёстой. Тиймээс цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг заавал суулгах практикийг шууд зогсоох, санхүүжилтийн ил тод, сайн дурын, хариуцлагатай механизмыг шинээр боловсруулах, иргэдийн хэрэглээний төлбөрт хамааралгүй аливаа хураамж, татварыг нэмэхийг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай” гэжээ.
Ташрамд дурдахад, өргөдөлд энэ сарын 21 хүртэл иргэдээр гарын үсэг зуруулах бөгөөд дэмжсэн хүний тоо 33 мянга болбол уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх юм.
М.Гэгээ