Хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхжээ
Хулгайн анг бууруулах зорилгоор Өмнөд Африкийн их сургуулийн судлаачид хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхэж эхэлсэн байна. Энэ нь тухайн амьтанд сөрөг нөлөөгүй бөгөөд хил гаалиар хирсийн эврийг хулгайгаар нэвтрүүлдэг гэмт хэргийг зогсоох боломжтой хэмээн үзэж буй аж. Витватерсрандын их сургууль, цөмийн эрчим хүчнийхэн, байгаль хамгаалагчдын хамтран хэрэгжүүлж буй “Rhisotope project” гэх төслийг өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлж, нийт таван хирсийн эвэрт бодис шингээсэн гэнэ.
2025-08-05
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдаж, 478. 9 сая төгрөгийг завшсан нь тогтоогдсон
2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалжээ. Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэж, орны төлбөр төлсөн байхад “хэвтээгүй” хэмээн бүртгэлийг цуцалсан. Цагтаа ирээгүй гэх мэт шалтгаанаар хэвтээгүй хэмээн бүртгэж, иргэдийн төлсөн төлбөрийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авдаг зөрчил илэрсэн. Ийм замаар 478. 9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
2025-08-05
Хятадаас хамгийн олон жуулчин хүлээн авчээ
Манай улсад энэ жил БНХАУ-аас хамгийн олон жуулчин иржээ. 2025 он гарснаас хойш Монгол Улс 483 609 жуулчин хүлээж авсны 30 орчим хувь буюу 141 мянга гаруй нь өмнөд хөршийн иргэн байна. Өнгөрсөн онд нийт жуулчний зонхилох хувийг солонгосчууд бүрдүүлж, хятад, оросууд удаалж байв. Харин одоогийн байдлаар хятад аялагчид тоогоороо тэргүүлж, орос, солонгосчууд ард нь “нэхэж явна”.
2025-08-05
Монгол судлалын зуны сургуульд 14 оюутан хамрагдаж байна
МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн манай улсад монгол судлалаар суралцаж буй гадаадын оюутан залууст зориулсан жил бүрийн наймдугаар сард зуны сургууль хичээллүүлдэг. Өнөө жилийн зуны сургуульд Америк, Герман, Франц, Чех, Ирланд, Хятад, Японы 14 оюутныг хамруулан энэ сарын 3-нд хичээллүүлж эхэлснийг дээрх хүрээлэнгээс мэдээлэв.
2025-08-05
Гонгорын бумба тахих ёслол энэ сарын 7-нд эхлэх нь
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслол энэ сарын 7-9-нд болно. Гонгор бурхныг цагаан өнгөтэй гэж үздэг учир түүнд зориулсан бумбыг цалин цагаан мөнгөөр бүтээж, дотор нь есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц, хүж, цай зэргийг хийж аравнайлан тахидаг.
2025-08-05
Ихэнх нутгаар энэ сарын 13-ныг хүртэл түр зуурын усархаг бороо орох нь
Аадар бороо өчигдрөөс эхлэн энэ сарын 13-ныг дуустал ихэнх нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, өчигдөр нийслэл төдийгүй баруун аймгуудын хойд, төв, зүүн бүсийн ихэнх говийн хойд хэсгээр аадар бороо орсон юм. Цаг уурын энэ нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабынхантай цахимаар хуралдаж, үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Туул, Дунд, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх, мэдээ мэдээллийг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах, үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг яаралтай авах, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, удирдлага зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг чиглэл болгов.
2025-08-05
Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо
Говь-Алтайаймгийн Есөн булаг сумд уржигдар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Бугат сумд очиж, тарваганы мах идсэн иргэн Есөнбулагт ирсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд уг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шинжилгээний сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээж, Бугат болон Есөнбулаг сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, өнөөдрийн 17.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо.
2025-08-05
Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав
Манай улс шинжлэх ухааны судалгааны үнэ цэн, нөлөөллийн индексээр дэлхийн 221орноос 137,Азид 39 дүгээр байрт жагсжээ. Энэхүү эрэмбийг Туркийн эрдэмтэн Мурад Алпер, Чихан Догерын хамтран байгуулсан, Британид төвтэй “AD scientific index” үнэлгээний байгууллага шинжлэх ухааны нээлт, инновацын бүтээгдэхүүний баталгаажуулалт, хувь судлаач, эрдэмтний гүйцэтгэлийн индекс, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгийн идэвхтэй үйл ажиллагаа зэрэгт үндэслэн 2021 оноос гаргаж эхэлсэн байна.
2025-08-05
АН, МАН-ын Их хурал есдүгээр сард болно
Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчлөн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний дагуу АН, МАН-ынхан үндсэн дүрмийн өөрчлөлтөө боловсруулж буй юм.
2025-08-05
Бага зэргийн бороо орно
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
2025-08-05
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног эхэллээ
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног өнөөдөр эхэлж байна. “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор олон улс энэ долоо хоногийг өнгөрүүлэх бөгөөд хүүхдээ зургаан сар хүртэл нь дагнаж, хоёр нас хүрэхэд нь бусад нэмэлт хоол өгөхийг ДЭМБ-ынхан зөвлөж байна.
2025-08-04
Еврей нарын “хэрэг”
1952 оны наймдугаар сарын 12-нд Еврейн фашизмын эсрэг хорооны 12 гишүүнийг Москвад буудаж хороов. ЗХУ-д гадаадаас тусламж авхуулах зорилгоор уг хороог Эх орны дайны үед байгуулсан ч нацист Германыг ялсны дараа Зөвлөлтийн Засгийн газрын байр суурь өөрчлөгдсөн байна. Сталин зөвлөлтийн сэхээтнүүдийг Өрнөдийн өмнө бөхөлзлөө хэмээн 1946 онд хатуу ширүүн шүүмжлэв. Фашизмын эсрэг еврейн хороо ч хэлмэгдүүллийн шинэ давлагаанд өртөж, гишүүдийг нь еврейн үндсэрхэг үзэл гаргалаа, АНУ-ын талд тагнуулын үйл ажиллагаа явууллаа гэж буруутгав. Тэднийг байцаахдаа зэрлэгээр зодож, хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэх гэж оролдсон байна. Тус хорооны эсрэг өдөөсөн энэ хэрэг бүхэлдээ зохиомол болохыг нь 1955 онд хүлээн зөвшөөрч амийг нь золиослосон бүх гишүүнийг нэхэн цагаатгасан аж. Энэ явдлыг түүхэнд “Цаазлуулсан яруу найрагчдын шөнө” гэх болсон аж.
2025-08-04