Нийслэлчүүд өчигдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжив. Энэ өвлөөс жилд 350 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ гэж байгаа. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээ хоёр дахин буурна гэдгийг албаныхан хэлж буй. Гэвч хотын агаар мэдэгдэхүйц хэмжээнд цэвэршихгүй байгаа нь гэр хорооллын айл өрхүүдээс гадна агаар бохирдуулагч хэд хэдэн эх үүсвэр нийслэлд байдагтай нь холбоотой. Тодруулбал, нам даралтын зуухтай нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 байгууллага одоо болтол түүхий нүүрс түлж, жилд 163 мянган тонныг шатаадаг. Мөн усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс түлсээр иржээ. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 аж ахуйн нэгж 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсээр байна. Тухайлбал, үүний 14 нь сургууль, зургаа нь цэцэрлэг. Тиймээс ирэх жилээс эдгээр сургууль, цэцэрлэгийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэхээр ярилцаж байгаа аж. Түүнчлэн түүхий нүүрс түлдэг өрхийн эмнэлэг, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллагын халаалтыг шийдэж, дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг таван том станцыг усан болон цахилгаан шүүлтүүртэй болгох замаар агаарын бохирдлыг бууруулна хэмээн хотын дарга мэдэгдээд байгаа юм.
О.Оргилох