Тайванийн эсрэг Хятад түрэмгийлэл үйлдвэл түүнийг оршин тогтоход маань заналхийлж байна гэж Токио үзэж өөрийгөө хамгаалах ажлын хүрээнд хүч хэрэглэж оролцох болно гэсэн агуулгатай мэдэгдлийг ажилдаа ороод төдийлөн удаагүй байгаа Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн сарын 7-нд хийснээс Азийн энэ хоёр улсын харилцаа хурцдаад байна. Такаичигийн хэлсэн энэ үгэнд Хятадын тал ихээхэн бухимдлаа. Бээжинд суугаа Элчин сайдыг нь дуудаж уулзаад тайлбар хийхийг хүсээд Японы Ерөнхий сайдыг уучлалт гуйхыг шаардав. Японы өндөр албаны төлөөлөгчид саяхан Бээжинд очиж Ерөнхий сайдын хэлсэн үгнээс үл хамааран Тайванийн талаар Японы баримтлах аядуу байр суурь хэвээр байх болно хэмээн уламжлав. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кахара яриа хөөрөө хийхэд Япон улс бэлэн гэж мэдэгдлээ. Харин Такаичи уучлалт хүссэнгүй.
Хятадын тал үүнд тайвширсангүй. Япон ийм байдлаар ажиллавал айхтар ялагдал хү лээх болно гэж Засгийн газар нь мэдэгдсэн. Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлоо гэж үзэв. Японы Осака хотод суугаа ерөнхий консул Сюэ Цин бүхнээс илүү хурц үг хэрэглэж Ерөнхий сайдын нь үйлдлийг “Японы зарим нэг мулгуу улс төрчийн л сонгож авч болох үхлийн зам” хэмээн нэрлэжээ. Түүний хэлснээр бол “Бид түүний толгойг тасдах хэрэгтэй болж” гэсэн нь Такаичид шууд заналхийлсэн гэж үзэж болохоор. Дараа нь харин энэ үгээ цахим харилцаанаас даруй арчиж хаясан аж.
Японы эсрэг Хятад эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээ авлаа. Далайн бүтээгдэхүүнийг нь авахаас татгалзаж, шинэ кинонуудыг нь Хятадад гаргахыг хориглов. Иргэдээ Япон руу явахгүй байхыг уриалав. Хятад хүмүүсийг Япон руу жуулчлахгүй, тэнд суралцахгүй, ажиллахгүй байхыг санал болголоо. Японд жуулчлагчдын тоогоор Хятад улс Өмнөд Солонгосын дараа хоёрт ордог юм байна. Аялал жуулчлалын салбар Японы дотоодын нийт бүтээгдэхүүний долоо орчим хувийг эзэлдэг аж. Харин Япон руу жуулчлах хүмүүсийнхээ тоог цөөлснөөр энэ салбараас нэг жилд Хятадын олох орлого 2.2 их наяд (14 тэрбум ам.доллар) иенээр хорогдоно гэж Японы эдийн засгийн судалгааны төв тооцоолоод байна. Хятадад байгаа япончууд ихэд сэрэмж болгоомжтой байхыг Токио иргэддээ зөвлөжээ. Тэгвэл Японы үзэж буйгаар Японы аялал жуулчлалын нь салбарт Хятадын зүгээс үзүүлж буй дарамт, тэнгисийн харуул хамгаалалтаа чангаруулж буй нь шинэ юм биш. Олон улсын хямралын бүлгийн Зүүн хойд Азийн асуудлаарх ахлах шинжээч Уильям Яны хэлснээр бол Парламент дээр хэлсэн үг нь Бээжинг ингэтлээ бухимдуулсанд Санаэ Такаичи ихээхэн гайхсан гэнэ.
Хятад айхтар хариу үйлдэл үзүүлж буй нь нийгэмдээ эх оронч үзэл бодлыг нь бадрааж, улс орныхоо дотоодод үндэсний эв нэгдлийг бий болгоход чиглэж буй юм гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч байгаагаас үүдэн гарч ирж буй дотоодын түгшүүртэй байдлыг намжаахад энэ бүхэн нөлөөлнө хэмээн Токиогийн их сургуулийн Азийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Лим Чуань-тин Германы сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байх юм.
Хятад, Японы хоорондын зөрчил олон зууны өмнөөс эхтэй юм. Хятадын хувьд эмзэг асуудлын нэг мөн, гэхдээ Лим-ийн үзэж буйгаар Тайванийн эргэн тойрны “хэрэг” энэ хоёр улсын харилцаанд ийм “өндөр авсан” нь харин анхны тохиолдол юм байна. Японы Хосей их сургуулийн профессор Мадока Фүкүда сэтгүүлчтэй ярилцахдаа цаашдаа ч Тайваньтай холбоотой ажил төрөлд Такаичигийн Засгийн газрыг идэвхтэй оролцохыг зогсоох нь Бээжингийн гол зорилго гэж хэлсэн байна. Лим ЧуаньТин болохоор түүхэн туршлагаас үзвэл Хятад, Японы харилцаа нэг хурцдаж ирээд намждаг юм гэжээ. Тэрбээр Токиод Бээжин сургамж өгөх гэж л буй болохоос хөрш оронтойгоо харилцан ажиллахаас мөнхөд зайлсхийнэ гэж байхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.
Япон руу хийсэн Хятадын олон талт дайралт Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сүрхий цохилт боллоо гэж Тайванийн Ерөнхийлөгч Лай Циндэ мэдэгдээд сонор сэрэмжтэй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт, хүлээцтэй хандаж, том гүрний намба зааж, бүс нутагтаа тайван байдал алдагдуулагч болж орхихгүй байхыг Хятадад уриалав.
Хятад, Японы хоорондын зөрчил эртнээс эхтэй, өнөөгийн нөхцөлд Тайванийн тодорхой бус статусаас үүдэлтэйгээр харилцаанд сэв суух гээд буй нь ч бас ойрхны явдал биш гэж хэлж болно. Уг нь 1972 онд энэ хоёр улс хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, Тайвань нь Хятадын нэг хэсэг болохыг Япон хүлээн зөвшөөрч “Нэг Хятад” бодлогыг нь албан ёсоор дэмжсэн байдаг. Тэгсэн хэрнээ Тайванийг бүс нутаг дахь стратегийн түншээ гэж Япон үзэж, Бээжингээс хамааралгүйгээр түүнтэй эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн байна. Зөрчлийг өөрийн аюулгүй байдалд учрах томоохон аюул гэж Японы эрх баригчид үзэж, энэ сэдвийг хөндөхөөс өнөө болтол болгоомжилсоор байв. Тэгвэл Японы шинэ Ерөнхий сайдын мэдэгдэл энэ чиглэлд Токиогийн бодлого өөрчлөгдөх гэж буйн дохио болж Хятадад сонсогдов. Өөрийнх нь байр суурь тус улсын Засгийн газрын уламжлалт бодлогод нийцэж буй, урьд нь Ерөнхий сайд байсан хүмүүс ч ийм бодолтой байсан хэмээн Такаичи хэллээ. Түүний чансаа 80-аас дээш хувьтай байгааг сүүлийн үед явуулсан хэд хэдэн санал асуулга харуулсан байна. Түүнээс гадна Японыг АНУ дэмжиж буй. Токиогийн талд бат зогсоно гэж Токиод суугаа Элчин сайд Жорж Гласс нь мэдэгдсэн. Тэгвэл Японы дээгүүр албаны улс төрчид, төрийн байгууллагын ажилтнууд байдлыг зөөлрүүлэхийг хичээж байна.
Тайванийн тал мэдээж Японыг дэмжиж буй. Эднийх сүүлийн жилүүдэд Хятадын зүгээс тавьж буй хүнсний хоригт өртөж байгаа. Японы Ерөнхий сайдын хэлсэн хариуцлагагүй, аюултай үгийг төлөөлөгчдийн нь хэлсэн үг зөөлрүүлэхгүй гэж Хятадын тал үзэв. “Ерөнхий сайдын чинь байр суурь өөрчлөгдсөнгүй, Хятадад төрсөн тайван бус сэтгэгдлийг Япон тайвшруулж чадахгүй байна” гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч хатагтай Мао Нин хэллээ.
Тэр хүний хэлсэн үг үүгээр хязгаарлагдсангүй. Дэлхийн II дайны жилүүдэд үйлдсэн цэргийн гэмт хэргээ бүрэн гүйцэд ухамсарлаагүй Япон улс энх тайван, аюулгүй байдлыг дэмжихийн төлөө хариуцлага үүрэх боломжгүй учир НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн байх эрхгүй гэж үзэж буйгаа ил тод мэдэгдлээ.
Хятад цаашдаа хориг тавина гэж Японыг сүрдүүлэв. Тэгвэл Бээжингийн шаардсанаар хэлсэн үгнээсээ татгалзах нь улс төрийн талаар үлбэгэр байдлыг харагдуулж, гол дэмжигч болох баруун консерватив үзэлт сонгогчдоо түлхэхэд хүрнэ гэж эдийн засагч Таро Кимүра үзэж байна. 1895 оноос 1945 онд дэлхийн II дайн дуустал Тайванийг захирч байсан Япон ирээдүйгээ энэ арлын оршин суугчид өөрсдөө шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бол Хятад Тайванийг хяналтдаа байлгахын тулд хүч хэрэглэхээс ч буцахгүй гээд байгаа юм. Байдал нэгэнт ийм болоод байгаа нөхцөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Японы удирдлагатай утсаар ярилаа. Дэлхийн II дайны ялалтын үр дүнг Америк, Хятад хоёр хамтран хамгаалахыг Си Зиньпин уриалаад, Тайванийг Хятадад буцааж өгсөн нь дайны дараах олон улсын дэг журмын чухал хэсэг юм хэмээн тэмдэглэв. Хоёр улсын харилцаанд тэгш эрх, харилцан хүндэтгэх зарчим баримталж, хамтран ажиллахшинэ боломжуудыг нээж, хоёр орны ард түмэн хийгээд дэлхий дахинд их ашиг тус хүргэх ёстой гэв. Хариуд нь Трамп Дэлхийн II дайнд Хятад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг тэмдэглээд, Хятадын хувьд Тайвань ямар чухал асуудал болохыг ойлгож буйгаа илэрхийлжээ. Энэ хоёр удирдагчийн утсаар ярьсан тухайд Цагаан ордон ямар нэг тайлбар хийсэнгүй. Харин Трамп утсаар хийсэн яриагаа “маш сайн” гэж үнэлсэн байна. Талууд хэлхээ холбоо, харилцаагаа цаашид үргэлжлүүлж, ирэх онд дөрвөн ч удаа уулзахаар тохиролцжээ. Трамп Японы Ерөнхий сайдтай ярихдаа БНХАУ-ын даргатай юун тухай хэлэлцсэнээ тодорхой мэдээлснээс илүү юм хэлээгүй бололтой байна. Трамптай ярилцсан тухайгаа Японы Ерөнхий сайдын хэлснийг “Кyodo” агентлаг мэдээлснээр бол Санаэ Такаичиг дуртай үедээ утсаар ярьж байхыг санал болгосон байна.
Р.Жаргалант