Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд хэвээр байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар буюу даваагаас баасан гарагт 20.00, амралтын өдөр 17.00 цаг хүртэл ажиллуулж буй. ЭМЯ-ны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн. Түргэн тусламжийн төвийн нэг өдөрт гарах машины тоог ачааллаас хамаарч 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Мөн тус төвд хүүхдийн дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх чиглэлээр найман шугамыг 24 цагаар ажиллуулж байгаа” гэв.
Хотын эмнэлгүүд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх үндсэн 877 ортой бөгөөд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар нийт 1280 ор дэлгээд буй гэнэ. Мөн нөөцөд 190-ийг бэлдэж, дахин 490 ор дэлгэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангаж буйгаа албаныхан хэллээ. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны их засвар дуусаж, 40 ор дэлгэн хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн эргэлтийг эрчимжүүлж, ялангуяа томуу, томуу төст өвчин тусаад эмнэлгээс гарсан, сургууль дээрээ үзүүлсэн, эмнэлгийн хүлээн авахаар болон түргэн тусламжийн дуудлагаар хандсан иргэдэд түлхүү үйлчилж байгаа аж.
О.ОРГИЛОХ