Он гарснаас хойш дэлхийн олон бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хүч, эдийн засгийн хохирол түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Өмнөд Ази, Африк, Европын зарим оронд үер, ган, ой, хээрийн түймрийн давлагаа үргэлжилж, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн дарамтыг эрс нэмэгдүүлжээ. Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын 2025 оны урьдчилсан дүн шинжилгээгээр сүүлийн 50 жилд уур амьсгалтай холбоотой гамшгийн тоо тав дахин өссөн байна. Өнгөрсөн онд гэхэд 184 улсын хэмжээнд 18 000 орчим хүн амь үрэгдэж, 150 сая иргэн нөлөөлөлд нь орсон гэж мэдээлжээ. Мөн эдийн засгийн хохирлын хэмжээ дэлхий даяар 387 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт болсон гэнэ. Азид үерийн гамшиг хамгийн өндөр түвшинд байгаа бөгөөд Өмнөд Азийн орнуудад хүчтэй аадар бороо, муссоны системийн өөрчлөлтөөс шалтгаалан Бангладеш, Энэтхэг, Шри Ланка зэрэг улсад томоохон үерийн давлагаа гарч, нийтдээ 30 сая хүн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Дэлхийн банкны тооцоогоор зөвхөн Бангладеш улсад үерийн шууд болон дам нөлөөний хохирол 11 тэрбум ам.долларыг давсан байна.
Ч.Туяа