“Жэм молл” (Gem mall) худалдааны төвд эхнэр З.М-ийг харгис хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хянан хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүнд хаалттай хорих байгууллагад бүх насаар нь хорих ял шийтгэсэн юм. Мөн сэтгэцийн хохирол, хор уршгийн зардалд 162.3 сая төгрөг Н.Энхбатаас гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Н.Энхбат, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нар давж заалдсаныг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг илтгэн танилцуулж, хэлэлцүүллээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Энхбатын үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюул, хэр хэмжээ, үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ял тохирсон, Гэр бүлийн тухай хуульд зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч томилох асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.