Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар (арваннэгдүгээр сарын 28) 2026 оны төсвийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэх байсан. Гэвч төлөөлөгч Ц.Төрхүү горимын санал гарган, төслийг ИТХ-ын хороод болон МАН, АН-ын бүлгээр тус тус хэлэлцүүлэх санал гаргасны дагуу хойшлуулсан. Тэгвэл өчигдөр нийслэлийн ИТХ-ын Бүс чилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Улсын төсвийн тухай хуулиар ирэх оны нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.49, суурь зарлагыг 2.6 их наяд байхаар тооцон, хотоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хотод 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөжээ.
2026 онд нийслэлийн төсөвт нийт 4.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний 82.7 хувийг татвараар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлж, зарлагын 35.1 хувийг урсгал, 46.7 хувийг хөрөнгийн зардал болон бусад гэсэн байдлаар зарцуулах аж. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “2024 оноос эхлээд нийслэл хот төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг бие даан хэрэгжүүлэх эрхтэй болсон. Энэ хэрээр гадаад, дотоодын санхүүжилт, төсөв хөрөнгө ч тэлсэн. 2026 оны төсөвт 1.6 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн. Үүн дээр бондын санхүүжилт бас нэмэгдэнэ. Зөвхөн Туулын хурдны замын бүтээн байгуулалтад гэхэд ирэх жил 780 тэрбум төгрөг тавьсан байна. Энэ жил үүнд 500 тэрбумыг зарцуулсан шүү дээ. Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж тодотгож байгаа. Төсвийн болон бусад эх үүсвэрээс томоохон хөрөнгө оруулалт тавьж байгаа бол орчин үеийн шийдэл бүхий дэвшилтэд дэд бүтцийг хөгжүүлэхэд бид анхаарах хэрэгтэй. Жишээ нь, гэр хорооллын галлагааг бүрэн халахын тулд цогц бодлого, шийдэл чухал. Хэчнээн жил түлш, зуух яриад шийдэгдсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэгвэл төлөөлөгч Ү.Оюунзул “Нийслэлийн төсвийг хэвлэлийнхэн, олон нийтэд мэдээлэхгүй хаалттай хэлэлцүүлж байгаад харамсаж байна. Ийм хаалттай байж болохгүй. Ирэх жилийн төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт 98.1 тэрбум буюу өмнөх жилээс дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдэж тусгажээ. Мөн өмнөх жилүүдэд ажил нь эхлээд дуусаагүй дөрөв ба түүнээс дээш жил болсон 100 гаруй төсөл, арга хэмжээг дуусгахаар төсөвт суулгасан байна” хэмээн онцоллоо.
Л.Аргамжин