Хонконгийн Тай По дүүрэгт орших “Wang fuk court” орон сууцын хороололд өнгөрсөн лхагва гарагт гал гарсны улмаас 128 хүн амиа алдав. Мөн 200 орчим иргэн сураггүй алга болсныг тус хотын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга Крис Тан Пин Кынг мэдэгдлээ. Энэ нь 1948 оноос хойш Хонконгод бүртгэгдсэн хамгийн олон хүний амь эрсэдсэн гал түймэр болоод буй юм.
Хонконгийн Засгийн газраас гамшигт өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн үндэсний хэмжээнд гашуудал зарлаж, төрийн далбаагаа бөхийлгөв. Түүнчлэн хотын 18 дүүрэгт эмгэнэлийн ном байршуулсан бөгөөд хонконгчууд 09.00-21.00 цагийн хооронд гашуудлын үгээ бичсээр байна. Гал түймэр “Wang fuk court” орон сууцын хорооллын долоон барилгыг хамарсан бөгөөд эдгээр нь тус бүр 31 давхар, нийт 2000 орчим айл, 4000 гаруй оршин суугчтай байжээ. Уг түймрийг унтраахын тулд гал сөнөөгчид тасралтгүй 43 цагийн турш ажилласан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр барилгын фасадыг шинэчлэхэд ашигладаг хулс модон дээр тамхины иш унаснаас гал алдсан байх магадлалтай аж.
Хотын оршин суугчид өдгөө сэргээн босгох ажилд идэвхтэй оролцож байгаа бол хуулийн байгууллагууд гал гарах болсон шалтгааныг мөрдөн шалгах явцад 11 хүнийг баривчилжээ. Үүнд барилгын компанийн удирдлагууд багтсан байна.
Э.Сүйлэн