“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг уржигдар Баянхошуунд ашиглалтад оруулжээ. “Ногоон” орон сууцын суултуурт саарал усыг дунджаас 30 хувиар бага хэрэглэх гэнэ. Мөн барилгын дээвэр дээр нарнаас цэнэг хуримтлуулах хавтан суурилуулж, гадна талбай болон орцоо гэрэлтүүлэн цахилгааныг 20 хүртэлх хувиар хэмнэх боломж бүрдүүлжээ. Мөн орон сууцынхаа ойролцоох дөрвөн давхар хүлэмжид өрхийн хэрэглээний хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд тарьж ургуулж болох гэнэ. Гал дэмждэггүй, шилний орцтой хөөсөн материалаар барьсан нь Монголд анхдагч болжээ. “Ногоон” орон сууцын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцжээ. Тэрбээр “Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн шийдэл бол орон сууцжуулалт. Тиймээс Засгийн газраас орон сууцжуулалтын тухай хууль болон үндэсний төлөвлөгөө боловсруулах, орон сууцжуулалтын банк байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барина” гэлээ. Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн ЗДТГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд, дэд төвүүдийг түшиглэн 2030 он хүртэл 5000 айлыг “ногоон” орон сууцад хамруулахаар төлөвлөсөн юм.