Гайхамшигт Шинэ жилийн үдэш цагийн зүү 00.00-ийг заах мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аварга том болж, гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж, айж сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөнө. Хулганын хаан цэргүүддээ Клараг барьж ирэхийг тушаах бөгөөд охин айсандаа зугтах үед авга ахынх нь өгсөн модон цэрэг амь орж, сайхан залуу болон хувирснаар үлгэр эхэлж, Монголын тайзнаа “Цөмөөхэй” амилна..
Хүүхэд, багачуудад үлгэрийн ертөнцийг бэлэглэдэг П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгаар ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 5-28-ныг хүртэл 17.00 болон 19.00 цагт толилуулах нь. Хоффманы үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөөхэй” балет нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна мэргэжлийн бүжигчин болох мөрөөдөлтэй хүүхэд, багачуудад итгэл найдвар бэлэглэж, хүсэл тэмүүллийг нь өрддөгөөрөө онцлогтой. Учир нь Монгол Улсын Консерватори, СУИС, Балетын хөгжлийн сан болон бусад дугуйлангаас жил бүр 200 гаруй хүүхэд, залуусыг сонгон шалгаруулж, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамт нэг тайзан дээр гаргадаг билээ. “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн тасалбарыг эгнээ, суудлаас нь хамаараад 60-120 мянган төгрөгөөр борлуулж байна.
У.СҮРЭН