Үргэлжлэл. Түрүүч нь 2025 оны арваннэгдүгээр сарын 19ний өдрийн №214 (8278), 25ны өдрийн №217 (8281)д
Л.Түдэвийн мэндэлсний 90 насны ойд зориулан бичсэн А.Цанжидын тэмдэглэлийг хүргэе.
Эрхэм баян эрдэм мэдлэг гэдэг дээ. Түдэвийн оюун санааны ертөнцийн хэн хү ний нүдэнд илэрхий нэг онцлог бол түү ний хамарч буй хүрээ, хөндсөн сэдвийн олон янз байдал, сэдэв бүрийн агуулгын үнэ цэн юм. Нэг хүн хорвоогийн бүхий л асуудлын талаар, шинжлэх ухааны бүхий л салбарын нарийн ширийнийг хөндөн зохиол бүтээл бичих боломжгүй. Харин асуугаад байвал хиймэл оюун тэдгээрийн талаар ямар нэг хэмжээний мэдээллийг олж өгөөд байж чадна. Хүнийг хүнтэй нь харьцуулбал Түдэв гуайн зохиол бүтээлийн цар хүрээ, чанар чансаа гайхамшигтай юм. Өрнөдөд их юм мэддэг хүнээ “энциклопедист” гэдэг. Юм юмыг мэддэг нэвтэрхий толь гэмээр юм уу даа. Түдэв гуай бол тийм нэвтэрхий толь байсныг түүнтэй уулзаж, ялангуяа нэлээд хугацаагаар ярилцсан, бас түүний гучин хэдэн ботийг уншсан хүмүүс мэднэ. Түдэв гуайтай уулзаад эрдэм мэдлэгийн зэрэглэлд багтах ямар ч асуудлыг хөндсөн бай, шууд л сонсогч болж хувирна. Бүр хорин гуравхан насандаа бичсэн “Уулын үер” романыг уншихад л эртний түүх, ном судар, ард түмний зан заншил, шашин шүтлэг, байгаль дэлхийн талаар хэчнээн их мэдлэг агуулагдаж байгааг нь ойлгож болно. Эрдэм ухааны олон салбарыг хамарч бичсэнээрээ ч баян, нэг бүтээл дотор бичиж байгаа зүйлээ олон талаас нь шинжсэнээрээ ч баян юм. Улсын ажил алба хашиж, зав чөлөө хомс байсан хүн яаж ийм их зүйлийг сурч мэдэж, түүнийгээ бодрол бясалгалаар тунгааж зохиол бүтээл гаргаж чадав аа гээд бодоход гайхамшигтай юм. Үүний нууц нь түүнтэй хамт ажиллаж, түүнийг сайн мэддэг байсан Х.Цэвлээгийн бидэнд нээсэн Түдэв маягийн аж төрөх ёсонд л байдаг биз ээ. Үлгэр авмаар аж төрөх ёс юм. Эрдмээр тархиа цангааж, зүгээр сууж чадахгүй үргэлж ном уншиж, мэдлэг олж авч болохоор юм болгоноос түүнийг хайж, асууж, сурч байдаг нь эрдэмтний ёс. Түдэв гуайн нэг онцлог бол багадаа их сониуч хүүхэд байснаа (Хорвоотой танилцсан тууж) хожим юуг ч юуны духанд хүрэлгүй үгүйсгэдэггүй, нээлттэй, юм болгоноос үнэнийг эрэлхийлдэг судлаач болсон юм. Оюун ертөнцийн баян гэдэгт түүний бичлэгийн баялаг, уран гоё нь бас орно. Онцгой сонин гарчиг, хурц хэллэг, сургамжтай баримт, санууштай дүгнэлт зэрэг нь бичлэгийн нь онцлог байлаа. “Эрчим хүчний өлсгөлөн гэдэс өлсөхөөс хэцүү” одоо энэ үг орой руу орохгүй байна гэж үү? “Дээд боловсролын доод ханш”, “Дунд боловсролын дундуур сав”, “Хэлээ хэмлэсэн хэлгийчүүд” гэх мэт толгой руу цохиод авах шиг болдог ийм гарчгууд шууд л анхаарал татаж, нэгийг бодогдуулна. Дашрамд өгүүлэхэд манай дээдэс гүнзгий бодож, цөөн үгээр юмны голыг онож хэлдэг онцлог чанартай байсан гэдэг. Тийм хүн бол Түдэв гуай юм. 1990ээд оны эхээр МАХНын Удирдах Зөвлөлийн хурал дээр “Улаанбаатарын хүндрэл бол Монголын хүндрэл, Монголын хүндрэл бол Улаанбаатарын хүндрэл” гэж хэлж байсан билээ. Ирээдүйг харсан энэ үг хэчнээн үнэн байсан нь одоо илэрхий. Хүн амын бөөгнөрөл, замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол гээд Улаанбаатарын олон хүндрэл байгаагүй бол Монгол Улс маань өнөөдрийнхөөс илүү л ололт амжилттай байх байсан биз ээ.
Хүнд хий хоосон магтаал өргөсөн хэрэгт орохгүйн тулд Түдэв гуайн баялаг оюуны ертөнц рүү бага ч атугай хөл тавья. Гэхдээ үнэнийг хэлэхэд би яахаа сайн мэдэхгүй байна. Учир нь тэр ертөнц үнэхээр баян юм. Үлгэрт нууц агуйд байсан алт эрдэнэсийг олоод алийг нь авахаа мэдэхгүй хөл алдаж, юм юм барьж үзээд сандарч буй хүн гардаг даа. Би яг л тийм болч хоод байна. Түдэв гуай уран зохиол бичихээс гадна бусад төрлийн зохиол, олон сайхан нийтлэл, тэмдэглэлдээ уран зохиол судлал, хэл шинжлэл, соёл урлаг, түүх, угсаатны зүй, улс төр, нийгэм, ёс суртахуун, байгалийн ухааны гэх мэт шинжлэх ухааны маш олон салбарын ая савд багтах сэдвийг хөндөн бүтээл туурвисан байдаг. Намтар судлал, ирээдүй судлал, далд ухааныг ч орхиогүй. Орчуулга бас бий. Хүнийг хос морьтой гэж магтдаг бол Түдэв гуай олон морьтой юм. Эрдмийн баян эрдэмт хүний төрөлх авьяасаас гадна уйгагүй хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр олддог ажгуу. Түдэв гуай тийм уйгагүй хөдөлмөрч хүн байсныг бүтээлийн чуулганы 29 дүгээр ботид байгаа МХЗЭийн Төв хо рооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга байх үеийн өдрийн тэмдэглэл, ялангуяа “Үнэн” сонины 80 жилийн бүх дугаарыг үзэж хийсэн агуулгын товьёг харуулна.
Зохиол бүтээлийн нь агуулгыг товч илэрхийлэх нь байтугай, тоочиж хэлэх аргагүй учраас бүтээлийн чуулганы нь зарим ботийн гарчгийг шүүрдье. “Үгэн шуурга” хэмээх нэртэй 18 дугаар боть, “Үгэн мөндөр” нэртэй 19 дүгээр боть хоёрт агуулгаар төстэй 11 багц эссэ байдаг юм. Тэдгээрийг гарчиглавал:
1. Эх орноо гэх зовнил
2. Эцэг дээсийн өв
3. Энэ яваа нас
4. Эзэн хичээх ёсон
5. Эрдэм соёлын ид шид
6. Эрүүл энхийн зөн
7. Эх байгалийн элбэрэл
8. Ус уух хувь 9
. Энэхэн цагийн эрх
10. Эрх үүргийн жам
11. Эгээрэл зөгнөлийн учиг гэсэн хэсгүүдтэй. Хэсэг тус бүр 1017 хүртэлх эссэ багтсан байна.
Эхний хэсэгт Монголын сайн муу тал, түүх, ирээдүйн талаарх бодрол нь багтдаг. Энэ бүхэн нь гарчгаас харахад л ил. “Хүн улсын үеэс хөгшид өвгөдийн нутаг”, “Даяар монголын ариун голомт”, “Монголчууд хэзээ мөхөх вэ?”, “Монгол там гэж ямархуу юм байнаа?”, “Монгол диваажин гэж ямархуу юм байнаа?”, “Монголд боол эзэмшлийн нийгэм байгуулцгаая”, “Монголчууд “монгол” гэдэг үгийг яах вэ?”, “Даяарчлах, даяанчлэхын агаар”, “Унасан газар угаасан уснаасаа төөрөвзээ” Зарим хүн ямар эсэргүү юм бичээ вэ гэж бодохоор нэртэй эдгээр эссэ нь аргагүй эх орны төлөө зовнилын илэрхийлэл юм. Хэсэг бүрийг тоочин ярих нь зай их эзлэх учраас хоёр дахийг нь орхиод гурав дахийг нь сөхвөл сонин юм их уншина. Түүнд ерөнхийдөө хүний тухай, хүний амьдралын тухай өгүүлнэ. Жишээ нь амьдралаа яаж өнгөрөөх вэ гэдэг эссэнд хүмүүсийн зарим нь бүх насаа тоглож, зарим нь ноцолдож, зодолдож, зарим нь дуулж, бүжиглэж өнгөрөөдөг хэмээн шатарчин, бөх, жүжигчин хүмүүсийн тухай сонирхуулснаа цаг хугацааг хэмнэж бага цагт их зүйл хийх хэрэгтэй гэсэн санаагаагаар төгсгөсөн байдаг. Тэрбээр эцэг Александр Дюмагийн хэлсэн “Бид урт удаан биш хурдтай амьдрах хэрэгтэй” гэсэн үгийг эш татсан байдаг нь “хурдтай амьдрах нь” Түдэв гуайн амьдралдаа баримталж байсан нэг зарчим болов уу гэлтэй. Дараагийн эссэний агуулгыг түүний эхэнд байгаа “хүүхдээ харуул чих, тэгвэл улс орны чинь ирээдүйг 100 урьд чилан хэлээд өгье” гэсэн мэргэн үгээр эхэлснээс нь мэдэж болно. Энэ хэсэгт хүн бичнээс хэрхэн хувьсаж хүн болсон тухай, хамарны тухай, тархины тухай, эдгээрийн бүтэц, биологийн талаас нь бичсэн байдаг. Тэгэхийн хамт хүнд санууштай асуудал руу оруулан дүгнэлт хийн төгсгөж байна. Жишээ нь тархины тухай бичихдээ түүний бүтэц, чадварын тухай хүүрнэсний эцэст “Тархи судлалын ажил өнөө үед огт өөр түвшин, шинэ өндөрлөгт гарснаар барахгүй хиймэл тархи бүтээх чигтээ оржээ. Ийм үед заяамал тархиа судалдаггүй юм гэхэд гэмтээхгүй, тордож, эрхэмлэж явах нь тархи тээгч болгоны нэгэн чухал үүрэг мөн чанар баймаарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалснаар манай цөөхөн хүн амын 625 мянга буюу дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн гажигтай гэсэн муужирмаар тоо гарчээ. Үүнийг сонсоод сонссон бүхэн тархиа баримаар биш гэж үү?” хэмээн төгсгөжээ. Ийнхүү түүхээс эхлээд биологи руу шилжиж тэндээсээ нийгмийн шинжтэй гаргалгаа хийсэн нь Түдэвийн ертөнцийн баяныг харуулна. Энэ хэсэгт бас монгол хүний дутуугийн талаар өгүүлсэн байгаа. Би энэ тухай энд бичсэнээс уншигч авгай өөрөө уншвал аштай биш үү? Энэ номын наймдугаар хэсэгт усны тухай маш сонин зүйл өгүүлсэн байгаа. Усыг хайрлах тухайгаас эхлэн “Мөнхийн ус” бүтээсэн тухай, усан соёлын тухай, усыг зөөлрүүлж хатууруулах тухай, ус уух хувийн тухай гээд эдгээр эссэнүүдэд шинжлэх ухааны ололтын тухай, экологийн тухай, устай холбоотой зан заншлын тухай, усан түймэр буюу архины тухай хүртэл маш олон асуудлыг хөндсөн байгаа. Ингэж хэдхэн хуудсанд аль нэг юмны талаар олон ухааны үүднээс бичих чадвар бол мэдлэгийн олон салаа зам бүрээр явж үзээд олон ухааны уулзвар дээр ирсэн хүний л хийх ажил юм. Манай нийгмийн амьдралын олон асуудлыг хөндсөн “Үгэн бороо”, “Үгэн цас”, “Үгэн санамж”, “Цагийн царай”, “Өнгөрснөөс ирээдүйд”, “Үзэг чахруун, шүд хавируун”, “Улс төрийн туульс”, “Хариу нэхсэн асуудал”, “Нийгмийн ариусал” хэмээх ботиудыг уншваас цаг үеэ, нийгмээ, өөрийгөө ойлгоход тус болно.
Айраг байна уугаарай, ах дүү нараар минь ороорой гэдэг дуу хүмүүст их таалагддаг юм байна. Найрсаг зочломтгой зангаараа даянд алдартай монгол түмний хувьд тийм байхаас ч яахав. Сайхан хэрэг. Айраг ууж, айлд зочлохын зэрэгцээ Түдэв гуайн оюуны өргөөгөөр байн байн айлчлаарай хэмээн хүсье.