Д.Даваабаяр: Улсын хэмжээнд 30 мянган тонн АИ92 шатахууны нөөцтэй байна
Манай улсад шатахууны нийлүүлэлт хэр байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа. Тэрбээр “Яг өнөөдрийн байдлаар манай улсын шатахууны хангамж, нийлүүлэлт тогтвортой, хэвийн явагдаж байна. Улсын хэмжээнд 75 мянган тонн дизель түлш, 30 мянган тонн АИ92 шатахууны нөөцтэй байна. Статистик мэдээллээр манай улс сард 90 мянган дизель түлш хэрэглэдгээс 75 мянган тонн, 60 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдгээс 30 мянга нь байгаа юм. Нэмээд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 239 вагон буюу 14 мянган 340 тонн АИ92 бензин үйлдвэрээс ачигдаад замд явж байна. Мөн Монголын төмөр зам дээр 163 вагон АИ92 бензин байгаа гэх мэдээлэл бий” гэв.
2024-01-04
"Улсын аварга малчныг тодруулахад малын тоо толгойг хамааруулахгүй"
Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланчийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд Улсын аварга малчин шалгаруулахад малын тоо толгойг тоолохгүйгээр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзэхээр болжээ. Энэ жилийн улсын аваргуудыг нэгдүгээр сарын 20-25-ны хооронд тодруулах аж.
2024-01-04
“Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа
Тэгвэл Архангай аймаг “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус аймаг энэ онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. Архангайнхан энэ жил нутагт нь ирсэн гадаадын жуулчин бүрд ямаа зүсэлж үрчлүүлэх, бэлэглэх “урамшуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогийг сурталчлан таниулахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэнэ.
2024-01-04
Гэртээ ганцаараа цоожлогдсон НАЙМАН САРТАЙ хүүхдийг аварчээ
Найман сартай хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдсон байсныг Онцгой байдлын аврагчид аварчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр байрны 3 дугаар орц 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай гэсэн дуудлагыг өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 13.56 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г/8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн байна.
2024-01-04
Тарьц, суулгацын нөөцийг тав дахин нэмэгдүүлжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэх, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэв. Одоогоор манай улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 452 газар бий гэнэ. Үүний 351 нь аж ахуйн нэгж, байгууллага, 25 нь нөхөрлөл, 76 нь хувь иргэн аж. Эдгээр нь 21 овог, 52 төрөлд хамаарах 124 зүйлийн 62.9 сая тарьц, суулгацын нөөц бойжуулж байгааг тооллогоор тогтоожээ. Энэ нь өмнөх жилийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм байна.
2024-01-04
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, "И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.
2024-01-04
Сурагчдад зориулсан цахим сорилын систем нэвтрүүлэх нь
Уг системийг өнөөдөр 09.00 цагаас ажиллуулж эхлэх юм байна. Сурагчид үүнийг ашигласнаар 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хоёр улиралд үзсэн хичээлийн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох боломжтой. Түүнчлэн суралцагчид цахим сорилд хамрагдах үед эцэг, эх, асран хамгаалагчид нь хяналт тавьж, хамтран оролцохыг дээрх төвийнхөн зөвлөжээ. Цахим системд одоогоор монгол хэл, математикийн сорилыг багтаагаад буй бөгөөд цаашид бусад хичээлийнхийг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн цаашид улирал бүрийн төгсгөлд тухайн хугацаанд үзсэн хичээлүүдийн сорилыг нэмж оруулах аж. Уг системийг сурагчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
2024-01-04
Г.Занданшатар: 1990 оноос хойш манай улсад Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй
“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж, хэлэлцэв.
2024-01-04