Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өчигдөр эцэслэн батлав. Энэ нь Б.Түвшин, А.Ариунзаяа тэргүүтэй хоёр тусдаа хэсэг гишүүн болон Засгийн газраас өргөн барьсныг нэгтгэсэн хувилбар юм. Энэ талаар төсөл санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу аливаа албан байгууллага нийт ажилтныхаа хоёр хувьд тэнцэх ахмад настан ажиллуулах үүрэгтэй аж. Мөн 65 нас хүрсэн ахмад ажилтан өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлүүлэх хүсэлт гаргах эрхтэй юм байна. Тэтгэвэр тогтоолгосон хүн ажил хийсэн нөхцөлд 8.5, байгууллага нь мөн ийм хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой гэсэн үг. Насны эл босгыг дээрх хуульд эмэгтэй 55, эрэгтэй 60 болгон бууруулсан байна. Харин хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүст энэ заалт хамаарахгүй гэнэ. Цэргийн байгууллагаас 45 настайдаа тэтгэвэрт гарсан, үргэлжлүүлэн ажил хийж буй хүмүүст бол дээрх заалт хамаарах нь.
Засгийн газраас өргөн барьсан төсөлд хэн удаан ажиллаж, илүү шимтгэл төлнө, түүний тэтгэвэр өндөр байх зохицуулалт тусгасан нь ийхүү батлагдав. 1979 оноос хойш төрсөн хүмүүс тэтгэвэрт гарах үед нэрийн дансны аргаар бус, зөвхөн цалин дээр нь суурилж тооцохоор хуульчилжээ. Ингэснээр нэрийн дансны аргаар бодсоноос 30-50 хувь илүү тэтгэвэр авах нь. Сүүлийн таван жилд өндөр шимтгэл төлөөд тэр хэмжээгээр тэтгэвэрт тогтоолгодог байсан бол одоо энэ хугацааг 10 жил болгосон. Ингэхдээ хамгийн өндөр төлсөн 10 жил дотроос нэг сарыг сонгоод, түүнээс нь багадаа 45 хувиар тогтоох юм. Тэтгэвэрт гарах босго наснаас урт хугацаанд ажиллаж, илүү шимтгэл төлөх тусам сонгосон сарын цалингийн 87 хүртэл хувь нэмэгдүүлж, тэтгэвэр тооцох аж. Түүнчлэн гэр бүлийн хоёрын нэг нь бурхан болбол үлдсэн нь эхнэр, нөхрийнхөө суурь тэтгэврийн 50 хувийг үргэлжлүүлэн авдаг байхаар зохицуулжээ.