Дурсамж уулзалтад Монголын соёл, урлагийн нэртэй олон төлөөлөгч, хамт олон, найз нөхөд нь ирсэн
Төрөөд, үхдэг нь хорвоогийн жам ч гэлээ мөнхөд орших онцгой хувь тавилантай хүмүүс байдаг. Бие махбод нь үгүй болсон ч хийж, бүтээснээрээ, байгуулсан гавьяа, үйлсээрээ үеийн үед дурсагдах тийм онцгой нэгэн хүмүүн бол Дамбын Батсүх юм. Монголын циркийн түүхийг түүнгүйгээр бичиж, төсөөлөх боломжгүй.
Монголын цирк, хошин урлагийн тод дүр, инээд урлаач эрхэм хүний гэгээн дурсгалд зориулсан нэгэн арга хэмжээ өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. 70 гаруй жилийн түүхтэй Монголын циркийн мэргэжлийн найруулагч, өдгөө “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт болон Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк нар алиалагч анддаа зориулан баримтат кино, ном бүтээж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд уулзалт, хүлээн авалт зохион байгуулж, Д.Батсүхтэй хамтран ажиллаж байсан уран бүтээлч, хамт олон, гэр бүлийнхнийг нь уулзуулж, сайхан дурсамж хөврүүлсэн нь энэ юм.
Монголын циркийн алтан үеийн найруулагч, багш Ц.Намхай 1972 онд сургуулиудаар явж, ирээдүйн жүжигчдийг хайж байхдаа Д.Батсүхийг хараад л шууд тоосон гэдэг. Ингэж циркийн урлагт хөтлүүлсэн тэрбээр хожим нэрт мастер болтлоо хөгжиж, дэвшиж, олон түмэнд хайрлагдсан жүжигчин болсон. 1995 онд Д.Сосорбарам, Б.Батзаяа, Б.Туяа, Л.Чаминчулуун нартай хамтран Хошин урлагийн академи байгуулж, олон сайхан уран бүтээлчийг бэлтгэсэн Д.Батсүх өөрийгөө “Метр Дамбын литр Батсүх” хэмээн егөөддөг байжээ.
Монгол циркийн урлагт агаарын (хамгийн хүнд, хэцүү, эрсдэлтэйд тооцогддог нисэлттэй үзүүлбэр), акробатын, шидэх банзны, тэмээтэй гэхчлэн олон төрлийн үзүүлбэртэй, толгой цохисон мастер байсан түүнийг найз нөхөд нь ийнхүү дурсаж байна.
ХҮНИЙ ХАЙЛАН
Дурсамж уулзалтыг санаачлан зохион байгуулагч хоёрын нэг Д.Зоригт “Алдарт алиалагч, хошин урлагийн мастер Д.Батсүхтэй би 1972 оноос хамтран циркийн урлагийн төлөө зүтгэжээ. Тэр маань хорвоогоос буцаад найман жил болсон байна. Ёолктойгоо хамтраад Батсүхийнхээ тухай баримтат кино хийж байгаа юм. Уг нь 2011 оны гуравдугаар сар буюу түүнийг бие барахаас нэг сарын өмнөөс зургийг нь авч эхэлсэн.
Д.Зоригт
Түүнээс хойш “дуншиж” явсаар өдий хүрчээ. Өнөөдөр энд цугласан уран бүтээлчид, хошин урлагийн болон Дундговь аймгийн төлөөллүүд, Батсүхийн маань шавь, найз, нөхөд, хамт олных нь дурсамжуудаар киногоо баяжуулна. Хүний амьдралд юу эс тохиох билээ. Бид хамтдаа олон сайхан түүх бүтээжээ. Хийж, бүтээхийн зэрэгцээ ууж идэж, унаж боссон гээд дандаа инээд дагуулсан өчнөөн үйл явдлыг хамтдаа туулсан. Сэтгэлд минь “хадаастай” байгаа тэр бүх дурсамж, хөгтэй явдлыг Ёолк маань гэгээтэй сайхан ном болгох байх. Батсүх зөвхөн мэргэжилдээ л гаргууд байгаагүй юм. Тэрбээр хувь хүн талаасаа ч гайхалтай нэгэн байсан учраас өнөөдөр түүнийг дурсах нь олон” гэлээ.
Энэ өдрийн арга хэмжээнд хөтлөгч, найруулагч, манлайлагч, угтагч гээд олон үүрэг гүйцэтгэсэн Ш.Ёолк “Батсүх ямар уран бүтээлч байсныг мань мэт нь дүгнэж хэлэх илүүц биз. Дэлхийд алдартай алиалагч, найруулагч, жүжигчин Олег Константинович Поповтой хамтран аялан тоглох завшаан Бачкад маань тохиосон юм. Тэрбээр “Монголын алиалагч Дамбын Батсүх бол 100, магадгүй 1000 жилд ганц төрөх ховор авьяастан” хэмээн бахархан, тодорхойлсон юм шүү дээ.
Харин хувь хүн талаас нь найзыгаа “Ёстой л хүний хайлан, хэнд ч, хэзээ ч хар буруу санадаггүй, арга “суйлдаггүй”, сэтгэлд нь бөрт суугаагүй хүн гэж хэлнэ. Хүүхэд чигээрээ, цагаан цайлганаараа өтөлсөн хүн байна уу гэвэл Батсүхийгээ л нэрлэнэ. Тэр бол хүнээрээ хүн, авьяасаараа алиалагч байсан” хэмээсэн юм.
Д.Батсүх тайз, дэлгэц, манежнаа хэрхэн гайхшируулж, бужигнуулдаг байсныг үзэгч түмэн бусдаар хэлүүлэлтгүй мэднэ. Айлын эзэн, аав, найз нөхрийн хувьд хэн байсныг нь харин тийм ч сайн мэдэхгүй учраас энэ талаар нь илүү тодруулахаар уран бүтээлийнх нь андуудаас асуухад бүгд л “Гэнэн цагаан, хар хоргүй хүүхэд” гэж дуу нэгтэй баталж, маш хурц ухаантай, онцгой ой тогтоолтоороо гайхагддаг байсныг нь дурссан юм.
“Батсүхийг инээд дагадаг байсан. Тэр бол зөвхөн цирк, хошин урлагийн жүжигчин байгаагүй. Би түүнийг асар цараатай мундаг уран бүтээлч гэнэ. Уран сэтгэмж, сэтгэхүй нь ямар гайхалтай гээч. Дандаа бүхнээс түрүүлж сэтгэж, боддог, урлагт заяагдсан хүн” гэж Гавьяат жүжигчин Б.Туяа дурссан юм. Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “Бачка ах маш өргөн цараатай, хурдтай сэтгэдэг, биднийг байнга сэтгэлээр дэмжинэ. Заримдаа үзэгч цөөн үед “Өө, аймаг, сумын төвийн театрт бол багтахааргүй олон хүн байна шүү дээ. Зарим нь бүр цонхны цаана зогсоод биднийг харж байна” гэхчлэн үргэлж өөдрөгөөр хардаг хүн байсан” гэж ярилаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болдбаатар “Батсүх маань манежаа, хамт олноо, үзэгчдээ буцалгадаг гайхалтай хүн байсан” гэж товчхон хэрнээ томруун тодорхойлов.
БӨХИЙН ДУГУЙЛАНГИЙН БҮХНИЙГ ЧАДДАГ “16 КГ”
Монголын циркийн алиалагчдын дундаас Дамбын Батсүх, Даржаагийн Мөнхбаатар хоёр ЗХУ-д бэлтгэгдсэн, мэргэжлийн алиалагч юм билээ. Тэд нэг нутгийнх бөгөөд бага ангиасаа найзалж, адил мэргэжил эзэмсэн, дотнын андууд байв. Д.Мөнхбаатар Дундговь аймгийн Дэрэн сумынх бол Д.Батсүх Дэлгэрхангайнх. “Бид аймгийнхаа сургуулийн 1ж ангиас хамт явсаар циркийн сургуульд ч цугтаа орсон. Үсэглэлийн баяраар бид хоёр бөхийн өмсгөлтэй барилдах даалгавар авч байлаа. Энэ ч бас сонин тохиолдол гэж боддог. Батсүх маань жижигхэн биетэй, их хөдөлгөөнтэй, урлаг, спортын бүх арга хэмжээнд оролцдог ёстой л элдэвтэй хүүхэд байсан.
Тэрбээр Пионерын ордны үндэсний бөхийн дугуйланд нэг хэсэг хичээллэж, сайн барилддаг болсон. 1970-аад онд Д.Долгор гэдэг ногоочны тарьсан нэг байцай 16 кг татаж, орон даяар их алдаршсан юм. Тэгсэн бөхийн дугуйлангийнхан Батсүхийг минь “16 кг” гээд нэрлэчихсэн, жижигхэн, туранхай, хөнгөхөн болохоор нь. Тэр жижигхэн биеэс хаанаас нь гарч байна гэмээр бяртай, бас их мэхтэй, “хөөрхөн” уран барилддаг байлаа шүү дээ. Бригадаар явж байхдаа нэг удаа аймгийн арслантай барилдаад давсан түүх бий” хэмээн хуучилсан Д.Мөнхбаатар найздаа “уруу татагдан” циркийн сургуульд шалгалт өгчээ. Тэд 1972 онд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуульд элсэж, хоёр жил болоод, хойд хөршийн нийслэл Москва хотын Цирк, эстрадын дунд сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Оросын Ардын жүжигчин С.А.Каштелянаар хоёр жилийн хугацаанд инээд бэлэглэгчийн эрдэм, ном заалгасан аж. Москва явах болсон талаараа Д.Мөнхбаатар “Бид Соёлын яамны мэргэжилтнүүдтэй уулзахад томилолтын мөнгө гэж боодол 10-тын дэвсгэрт өгсөн. Тэр үеийн 1000 төгрөг чинь “аймаар” их мөнгө. Батсүх ч, би ч мөнгөө өвөртөлж гараад, байсхийгээд л нөгөөхөө тэмтэрч, ийш тийш харж, бүлтэлзээд их хөгтэй явж билээ.
Москвагийн цирк, эстрадын дунд сургуулийн захирал Александр Маркиянович Волошин (Монголд циркийн урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан орос мэргэжилтнүүдийн нэг) багш манай Батсүхийг их онцолж, “Эгдүүтэй, адтай, ёстой цахиур хагалах хүү” гэдэг байсан. “Советский союз” гэдэг алдартай сэтгүүлийн эхний нүүрэнд Бачкагийн маань зураг гарч байлаа. Тун ховор тохиох аз шүү” гэж ярив. Өдгөө Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэдэх “Мандалговь” хүүхдийн циркийн багш түүний хувьд Батсүх нь ямар ч үед хувиршгүй, нэг зангаараа найз нь байжээ. “Би ямар байсан тиймээрээ л дуусна” гэж өөрөө хэлдэг байсан гэнэ.
ИНЭЭД УРЛАДАГ МАСТЕР
Д.Батсүх бусдыг инээлгэх гэж хүчилж, алиалж, зүдэрдэггүй, байгаагаараа л бөөн инээд бэлэглэдэг байсныг хамтран ажиллаж байсан хүмүүс нь тодотгодог. Үнэхээр тийм л онцгой, хайр татам хүн байсныг монголчууд андахгүй. Тиймдээ ч инээд урладаг мастер хэмээн олноо хүндлэгдсэн юм. Мэдээж, алдар нэр, хайр хүндлэл зүгээр л “хийсээд” ирдэггүй. Энэ бүхэн нөр их хөдөлмөр, сэтгэлгээ, бүтээлч зан чанар, авьяасаар олддог, асар үнэтэй зүйл. Д.Батсүх зогсошгүй эрэл хайгуулчийн зэрэгцээ хурдан сэтгэж, урнаар илэрхийлдэг бүтээлч байсныг нь ганц жишээгээр өгүүлье. 1990-ээд оны эхээр өнгөт зурагт анх худалдаанд гарч, “Монел” моодонд оржээ. Алдарт алиалагч хүнээс мөнгө зээлж, өнөөх гайхамшгийг авах гэсэн ч бүтээгүй аж. Ингээд мөнгөөр бус, ухаанаараа зурагттай болох санаа бодож олжээ. Тэр үед “Азтай бадарчин” уралдааны тэргүүн байрын шагналд “Монел” зурагт амласан байж. Батсүх нэг орой харихаар явж байгаад чанасан толгой хоёрыг авч, нэгийг нь тоглолтод ашиглахаар хөргөгчдөө хийгээд, нөгөөхийг нь хүүхдүүдээ тойруулж суулгаад, янз бүрийн хошин зүйл ярингаа ганцаараа идчихэж гэнэ. Аав нь уралдаанд орохоор бэлтгэл сургуулилалт хийж байгааг эхнэр, хүүхдүүд нь тэгэхэд мэдээгүй гэдэг.
Д.Батсүхийн Батчимэг, Баярчимэг
“ЗУРГААН Б” КОМПАНИЙН ЗАХИРАЛ
Д.Батсүх хоёр охин, хоёр хүүтэй. Дөрвөн хүүхдийнх нь нэр бүгд “Б” үсгээр эхэлдэг бол эхнэрийг нь Буянтогтох гэдэг. Тиймээс хошигнож өөрийгөө “Зургаан Б” компанийн захирал гэдэг байсан нь бас л уран сэтгэмжийнх нь илрэл биз ээ.
Дамбын хүү Батсүхийн хоёр охин Батчимэг, Баярчимэг “компаниа” төлөөлөн дурсамж уулзалтад ирсэн юм. Ээжийнх нь бие чилээрхүү байгааг учирласан тэд “Аав маань биднийг зөв, бурууг өөрөө ялгаж, салгадаг байхыг ойлгуулахыг зорьдог их ухаалаг, зөөлөн хүн байсан. Хэдэн хүүхдийнхээ хүсэл, зорилгыг хүндэтгэж, үргэлж ярилцаж, “Аав нь чиний ухаанд итгэнэ” гэдэг хүнлэг аав. Хүмүүст ялгавартай хандаж болохгүй гэж захидаг, үүнийг өөрөө үлгэрлэдэг байсныг нь бид амьдралдаа мөрдлөг болгодог. Өнөөдөр аавын маань орон зай маш их үгүйлэгддэг. Тэр зайг бага боловч нөхсөн ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан Зоригт, Ёолк ах нартаа чин сэтгэлээсээ талархаж байна” гэж ярилаа.
Д.Батсүх гэж ийм л уран бүтээлч байлаа. Тэрбээр 55 наслаад 2011 онд тэнгэрт хальсан ч өнөөдөр найз нөхөдтэйгөө ийнхүү “уулзаж”, аанай л инээд хөөр бэлэглэн, хэзээнийхээрээ хөөрхөн инээмсэглэн байна.
Ташрамд дурдахад, эл арга хэмжээнд Дундговь аймгийн Засаг дарга төлөөллөө илгээж, хүндэтгэл үзүүлсэнд зохион байгуулагчид нь талархал илэрхийлснийг сониноор уламжилъя. Мөн тус аймгийн болон Д.Батсүхийн төрсөн Дэлгэрхангай сумын нутгийн зөвлөлийнхөн ирж Монголын циркийн үе үеийн хамт олонд хүндэтгэл үзүүлсэнд талархъя. Тэд Д.Батсүхийн гэгээн дурсгалд зориулан бүтээж буй баримтат кинонд хандив өргөхөө амласан юм. Ер нь дурсамж уулзалтад уригдсан хүн бүр боломжийнхоо хэрээр “найзыгаа” дэмжихээ илэрхийлж байлаа. Ингэж олон хүний сэтгэл, итгэл, зүтгэлээр бүтэж буй Д.Батсүхийн тухай түүхэн баримтат кино ирэх онд Наадмын өмнө олны хүртээл болно. Магадгүй инээд дүүрэн ном нь ч хамт “төрөхийг” үгүйсгэхгүй.
Түүнчлэн Монголын циркийн бодит түүхийг цаг тухай бүрт нь баримттай өгүүлж, олон нийтэд мэдээлж ирсэн “Өнөөдөр” сонины хамт олонд энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид болон алдарт алиалагчийн гэр бүлийнхэн тусгайлан баяр хүргэснийг дуулгая.